Үйл явдал3 мин унших
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа.
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 10 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын хэсгийг С.Эрдэнэболд ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баасанжаргал, Д.Ганбат, О.Номинчимэг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрх нь зөрчигдсөн гэх иргэдийн өргөдөл, гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хүлээн авчээ. Энэ хугацаанд нийтдээ 38 иргэний 21 хавтаст хэрэг, 2386 хуудас материал ирүүлсэнд хууль зүйн шинжилгээ, судалгаа хийсэн байна. Шинжилгээний дүнгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй зөрчлүүд нь зөвхөн нэг удаагийн процессын алдаа бус, дахин давтагддаг, тогтмол шинжтэй, институцийн түвшний тогтолцооны доголдолтойг илтгэж байсан. Ялангуяа мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд хүний эрхийн суурь баталгаа буюу хууль зүйн туслалцаа авах, хүний халдашгүй дархан байдал, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрх, үндсэн зарчмууд хангагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэнцвэртэй байх зарчим алдагдсан, яллах чиг баримжаа давамгайлсан шинжтэй байгаа нь асуудлыг зөрчил төдий гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны гажуудал, институцийн хяналт, хариуцлагын механизмын сулрал, процессын баталгааны хэрэгжилтийн доголдолтой холбоотой системийн шинжтэй асуудал гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
Мөрдөгч, прокурор, шүүгчийн зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэх, процессын оролцогчдын эрх тэгш байдлыг хангахгүй байх, хэрэг шийдвэрлэхээс илүү яллах чиг баримжаа давамгайлах хандлага ажиглагдаж байна. Тиймээс асуудлыг парламентын бодлогын шийдвэрээр үе шаттай, цогц хэлбэрээр шийдвэрлэх нь үр дүнтэй гэж үзэн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан. Үүнд Улсын Их Хурлын тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх, мөн хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бүрдүүлэх, хараат бус хяналтын механизмыг бий болгох, улмаар эрүүгийн процессын тогтолцооны суурь шинэчлэлийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна хэмээн Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэболд танилцууллаа.
Түүнчлэн хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгааг хангах, цагдан хорих арга хэмжээний хэрэглээг хязгаарлах чиглэлээр нэн яаралтай арга хэмжээ авч, хараат бус хяналтын механизмыг бий болгож, нотлох баримтын хууль ёсны стандарт, шалгуурыг чангатгах, эрүүгийн процессын тогтолцооны цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, хууль зүйн туслалцаа авах эрх, цагдан хорих, нотлох баримтын журам, прокурорын хяналт, шүүхийн хяналтын хэрэгжилтэд чиглэсэн арга хэмжээ авах, хохирогчийн эрх сэргээх, нөхөн төлбөрийн тусгай зохицуулалт бий болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог хэсэгчилсэн засвараар бус, бүхэлд нь дахин тэнцвэржүүлэх шинэчлэл хийхийг саналд тусгажээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






