Байр суурь2 мин унших
О.Номинчимэг: Бусдад хилсээр ял өгсөн буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, нөхөн төлбөрийг нь гаргуулах ёстой!
УИХ-ын чуулганы /2025.05.01/-ний өдрийн хуралдаанаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Парламентын үүрэг зөвхөн сонсоод өнгөрөх биш, үүнд системийн доголдол байгаа бол засах бодлогын шийдвэр гарах ёстой. Энэ дагуу эрүүдэн шүүлттэй холбоотой хүний эрхийн сонсгол хийж, Хүний эрхийн дэд хороон дээр ажлын хэсэг гарч нэлээн удаан хугацаанд ажиллалаа. Бидний авч хэлэлцсэн энэ кэйсүүд яг хувь хүмүүстэй холбоотой. Үүний 90-ээд хувь нь 2012-2016 онд гарсан хэргүүд байгаа юм . Тэр үед шударга бусын хонгил угсрагдаж хийгдэж байсан системийн доголдол гарсан нь тодорхой болсон. Үүн дээр ажилласан шинжээч, хуулийн шинжээчид энд орсон хувь хүмүүсийн эрх нь зөрчигдсөн, эрүүдэн шүүгдсэн ийм нөхцөл байдал байхаар байна гэдгийг бүүр тогтоогоод гаргаж ирсэн.

Хүний амьдрал богинохон. Иймд 2012 оноос хойш14 жилийн дараа нэр төрөө сэргээчих юм сан. Худал хэлсээр ял авсан асуудлаас нэрээ цэвэрлээд үхэхдээ үр хүүхдүүддээ нэр цэвэр байх юм сан гэдэг энэ хүслийг нь төр шуурхай ажиллаж, үүнийг нь шийдэх ёстой. Буруутай албан тушаалтнуудад нь хариуцлагыг нь тооцож, нөхөн төлбөрийг нь гаргах ёстой. Энэ чиглэлээр энэ УИХ-ын тогтоол гарч байгаа. УИХ-ын тогтоол чиглэл гаргаад ЗГ биелдэггүй зүйл байгаа юм. УИХ-ын дарга бас анхааралдаа аваасай гэж бодож байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







