Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: олон тэрбум төгрөгийн, олон сая долларын авлигал хулгай хөдөө орон нутагт гарч байна!
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж байна. Д.Үүрийнтуяа гишүүний хэлсэнчлэн энэ хуулийн төслүүдийг нэгтгээд цааш нь явах нь зүйтэй. Орон нутгийн өмчит компаниуд гэх хяналтгүй, өгөөжгүй ,компаниуд маш их байгаа.
Өнөөдөр би энэ чуулганы танхимд орон нутгийн өмчит компани дээр гарсан нэг маш том хулгайн талаар мэдээлэл өгөх гэж байгаа юм.
Яаж өмч үнэгүйддэгийн жишээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт Баянтээгийн нүүрсний уурхайд байна. Улаанбаатар хотоос 560км зайтай олон 10 сая тонны нөөцтэй, 10 гаруй аймгийг эрчим хүчээр хангадаг. Өвөрхангай аймагт 70%-ийг нь эзэмшдэг Баянтээгийн нүүрсний уурхай гэж уурхай байдаг.
Энэ уурхайн хувьцааг Өвөрхангайчуудад эзэмшүүлээч гэж сүүлийн 6,7 жил шаардлага тавьж байгаа хүн нь би байгаа юм. Хамгийн сүүлд 2024 онд энэ асуудлыг хэлэлцэн нэг шийдвэр гаргаад Иргэдийн хурал нь буцаасан. Гэтэл 2024 оны 1 сарын 27-ны өдөр лицензийнхээ хугацааг сунгуулах өргөдлөө өгөх байсныг зориуд санаатайгаар өгөлгүйгээр өнөөдөр Өвөрхангай аймгийн ард иргэдийн 70%-ийг нь эзэмшдэг Баянтээгийн нүүрсний уурхайн лиценз хугацаа дуусаж хүчингүй болсон байна.
Бид энд Улаанбаатарт олон тэрбум төгрөгийн, олон сая долларын авлигал хулгай яриад байдаг. Орон нутагт яг ийм үйлдэл гарч байна.Өнөөдөр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа нөхөр тэр үед аймгийн Иргэдийн хурлын дарга байсан. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн ард иргэдийн өмчийг харж манах үүрэгтэй ийм хүн байсан. Гэтэл лиценз хүчингүй болсон. Үүнийг дагаад сонгон шалгаруулалт зарлана, энд орж олон 10 тэрбум төгрөгийн санал өгсөн аль нэг компани, хувь хүн авна. Би энэ уурхайн лицензийг хүчингүй болгосон үйлдлийн цаана эс үйлдэл зориуд хийж энэ албан тушаалтнууд орон нутгийн өмч Өвөрхангайчуудын ард иргэдийн өмчийг үнэгүйдүүллээ гэж харж байгаа юм.
Цаашдаа бид Төрийн болон орон нутгийн тухай өмчийн тухай хуулийн энэ өөрчлөлтүүдээр орон нутагт энэ байдлаар хулгай хийдэг асуудлыг таслан зогсоох ёстой. Ажлын хэсгүүдээ нэгтгэх ёстой. Сая дурдагдсан мэдээллийнхээ хүрээнд би энэ асуудлыг зохион байгуулсан нөхрийг хэний захиалгаар ингэж хийв гэж АТГ-т эс үйлдлээр нь өргөдөл гаргаж шалгуулна.

Шинэ нийслэл Хархоримыг цахилгаанаар хангах бүтээн байгуулалт, Тэзү хийгдээд явж байх үед үүнийг тасалдуулах зорилго хэнд байв? УАБЗ, Тагнуулын байгууллагад шалгуулна гэж бодож байгаа. Авлига хулгайг гарахаас нь өмнө таслан зогсоох нэг арга зам бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал учраас хэлэлцэх асуудлыг дэмжиж байгаа байр сууриа илэрхийлье.
Сэтгүүлч Ц.Соёлмаа








