УИХ-ын чуулганы /2025.09.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд үг хэлж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Цагдан хорихтой холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийн үндэслэл маш сайн гарсан. Цагдан хорихтой холбоотой асуудал маш эмзэг асуудал.Нэг хэсэг хавтгай байсан.Би энэ нөхрөөс хэдэн төгрөг авах юм. Хорчихвол мөнгөө өгөх гээд байна гэдэг хандлага байсан. Эсвэл хэргээ хурдан илрүүлэхийн тулд мөрдөгч аваачаад хорьчихдог. Үүнийхээ дараа энэ хэргээ илрүүлнэ гээд сууж байдаг. Чи тэрний талаар өчиг өгвөл суллана гээд сууж байдаг эрүүдэн шүүлт нэг хэсэг байсан.
Яагаад ийм болсон бэ гэвэл үндэслэл, журам нь тодорхойгүй байсан юм. Ямар үндэслэл, хугацаагаар хорих юм. Энэ асуудал хэтэрхий ерөнхий байснаас болж цагдан хорих асуудал хавтгай байсан юм. Харин ч энэ яллагдагчийг шүүхийн өмнө цагдан хорж буй асуудал Б.Энхбаяр гишүүн сайд байхдаа, өөрөө хуульч хүний хувьд Эрүүгийн процессуудын нэмэлт өөрчлөлтийг 2023 оны сүүлээр санаачилж, батлуулаад тодорхой болгосон юм.