Үйл явдал2 мин унших
Хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2026.04.30/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар төслийг танилцууллаа.
Хуулийн төслийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан юм.Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Их Хурлын 2026 оны 05 дугаар тогтоолыг баталсан билээ.
Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 152 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар хуулийн төслийн талаар танилцуулав.
Тэрбээр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасанд нийцэхгүй байна гэж дүгнэлт гаргасан билээ.
Ажлын хэсэг дээрх асуудлыг судлан үзэж, хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4-т “хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;” гэж Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны талаарх бүрэн эрхийг тогтоосон байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ хэмээв
Сэтгүүлч Ц.Соёлмаа













