Үйл явдал2 мин унших
100 жилийн тэртээх энэ л өдрүүдэд Монголоос европын орнуудад эрдэм сурахаар 34 хүүхэд залуус эх орноосоо мордсон
Одоогоос яг 100 жилийн тэртээх энэ л өдрүүдэд Монголоос европын орнуудад эрдэм сурахаар 34 хүүхэд залуус эх орноосоо мордсон.
Тэдний тухай баримт дэлгэсэн үзмэрүүд бахархал төрүүлж бас хэлмэгдлийн гунигт түүхийг дагуулдаг. Хайран ч эрдэм мэдлэгтэй залуус минь гэж үзэсгэлан үзсэн хүн бүр харууссан нь ойлгомжтой.
Үзэсгэлэнгийн санаачлагч, сэтгүүлч, судлаач Ч.Болд намайг угтлаа. Үүдэнд тэр л 34 залуус хүүхдүүдийн эгнэн зогссон зураг. Их зохиолч Д.Нацагдорж, түүний хань Пагмадулам нар ч энэ залуусын хамт алсыг зорьсон.
Энэ мөчид "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ..." гэх алдартай сайхан үгээ бичсэн байх...
Энэ залуусын түүх 1920-1960 он хүртэлх нийгмийн гэрэл сүүдрийн бараан түүхийг өгүүлнэ. Дэлхийн түүхийн нэг хэсэг мөн гэж би боддог. Бас гэгээн хайрын түүх ч бий. Герман Улсад суралцаж байсан Г.Хаалаа охины түүх надад маш сайхан санагддаг.
2023 онд Герман Улсад боловсролын чиглэлээр ажил хэргийн олон уулзалт хийхдээ Хала нэртэй шоколадыг Монголдоо хийлгэж авч явсан. Миний уулзалт бүрд Г.Хала охины амьдралын түүх хөндөгдөж, Монгол Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа шат ахисан билээ.
Эдгээр хүүхдүүдийг Гэгээрлийн яамны анхны сайд Эрдэнэбатхаан өөрийн биеэр Герман, Францад хүргэж өгчээ. Тэрээр Монгол Улсын анхны газрын зургийг ингэж явахдаа захиалж, чамин хийцтэй бичгийн машин авчирчээ. Одоогоор бол сүүлийн үеийн компьютер.
Би Эрдэнэбатхаан сайдаас 100 жилийн дараа Бодовсролын сайдын хувиар Герман Улсад 1000 инженер суралцуулах ажлыг эхүүлж байгаа минь бас нэгэн түүх юм даа гэж бэлэгшээж байна.
Монголын сэхээтнүүдийг дайрсан энэрүү хэлмэгдүүлэлт, тэдний амьдралыг үр удмаар нь хар бараан болгосон гунигт түүх дахин бүү давтагдаасай билээ.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба