Үйл явдал2 мин унших
Эх үрсийн төлөө – Сонсохоос шийдэл рүү

2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр СДМЭХ-ны байранд нэгэн дулаахан атлаа маш хариуцлагатай уулзалт өрнөлөө. Энэ бол “Одонтой ээжүүдийн уулзалт” байв.
Бид зөвхөн асуудал ярих биш, олон хүүхэдтэй болон одонтой ээжүүдэд тулгамдаж буй бодит хүндрэлүүдийг сонсож, бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийллээ.
Уулзалтыг СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг чиглүүлж, ээжүүдийн төлөөлөлтэй илэн далангүй яриа өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн ОНЦЛОХ 7 СЭДЭВ:
1. Боловсролын хүртээмж: Сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах, олон хүүхэдтэй өрхийн хүүхдүүдийг дугуйлан, секцийн төлбөрөөс хөнгөлөх шаардлагатай байна.
2. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд: СДМЭХ-ны ирэх 4 жилийн “W-O-M-E-N” бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг (Well-being) нэгт тавьж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог сайжруулахаар ажиллаж байна.
3. Халамжаас - Бодлого руу: “Цалинтай ээж”, “Алдарт эх”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлж, нэршлийг шинэчлэх, бодлогын агуулгыг илүү бодитой болгох тухай хэлэлцлээ.
4. Одонтой ээжүүдийн нэгдсэн холбоо: Ээжүүд дуу хоолойгоо нэгтгэж, нийгмийн хамгааллын бодлогод нөлөөлөхийн тулд "Одонтой ээжүүдийн холбоо" ТББ байгуулах санаачилгыг дэвшүүлэв.
5. Хүртээмжтэй дэд бүтэц: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэргэнцэртэй зорчих орчин, явган хүний замын стандарт, дэд бүтцийг сайжруулах нь нэн тулгамдсан асуудал болоод байна.
6. Татварын уян хатан бодлого: Олон хүүхэдтэй өрхөд ХОАТ-ын хөнгөлөлт үзүүлэх, ажлын цагийг богиносгосон зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх.
7. Бодит судалгаа: Бүх шийдвэр бодит дата судалгаан дээр үндэслэгдэх ёстой. Тиймээс одонтой ээжүүдийн нэгдсэн судалгааг хийхээр тогтов.
ЦААШИД ХИЙХ АЛХМУУД:
Бид энэхүү хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, үр дүнг нь Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах, холбогдох яамдад бодлогын санал хүргүүлэхээр боллоо.





