Үйл явдал3 мин унших
Жендэрт мэдрэмжтэй санхүүгийн хяналтын шинэ шийдлийг нутагшуулах олон улсын хурал боллоо

Санхүүгийн зохицуулах хороо Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-тэй хамтран зохион байгуулж буй “Жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийг хяналтын тогтолцоонд нэвтрүүлэх нь” олон улсын хурал өнөөдөр эхэллээ.
Энэ сарын 8-н хүртэл үргэлжлэх хуралд 40 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны бодлого боловсруулагчид болон хяналт шалгалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 гаруй төлөөлөгч оролцож, жендэрийн мэдрэмжтэй хяналтын тогтолцоо, эрсдэлд суурилсан хяналт, хэрэглэгчийн гомдол барагдуулах механизм, санхүүгийн боловсрол, залилангаас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, хиймэл оюун ухаан болон SupTech шийдлүүдийг ашиглах чиглэлээр туршлага солилцож байна.
Хурлыг Улсын их хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Чадавхыг бэхжүүлэх газрын дарга Мадхурантика Моулика нар нээж үг хэллээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд жендерийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч, тодорхой ажлуудыг гүйцэтгэж байна. Тухайлбал, “Компанийн засаглалын кодекс”-д компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд хүйсийн зохистой тэнцвэрийг хангуулахаар мөрдүүлэн ажиллаж байна. Мөн санхүүгийн хүртээмж болон иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг үнэлэх судалгааг тогтмол гүйцэтгэж, өгөгдөл, судалгаанд суурилсан бодлого, шийдвэрийг гаргаж байна. Түүнчлэн жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээр дамжуулж төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зохицуулалтын орчныг бүрдүүлсний үр дүнд дотоодын компаниудаас нийгмийн болон тогтвортой байдлын бонд гаргаад байна. Хөрөнгийн зах зээлд нийгмийн бонд гарсан нь зөвхөн дотооддоо төдийгүй Төв Азийн бүс нутагтаа анхны жендэр бондуудын нэг болж, бүс нутгийн хэмжээнд жендэрийн санхүүжилтээрээ манлайллыг үзүүлж чадсан юм. Өнгөрсөн онд мөн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код”-д нэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн 28 байгууллага, мэргэжлийн 4 холбоо тус кодод нэгдээд байгаа нь салбарын оролцогчдын ойлголт, оролцоо нэмэгдэж буйн илрэл юм. Гэхдээ энэ бол эхлэл төдий бөгөөд илүү хүртээмжтэй санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд чанартай өгөгдөл, оновчтой бодлого, хамтран ажиллагч дотоодын болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа нэн шаардлагатай энэ үед олон улсын хурал болж буй нь бидний хувьд туршлага солилцох, суралцах, зохицуулалт, хяналтын арга барилаа улам боловсронгуй болгоход онцгой ач холбогдолтой арга хэмжээ болж байна” гэдгийг онцолсон юм.
Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүн байгууллагуудын хяналт-шинжилгээний тогтолцоог сайжруулах зорилготой энэхүү хурал “Зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих арга зүй”, шинэ цогц ойлголт болох “Жендерийн мэдрэмжтэйгээр хэрэглэгчийн эрх хамгаалах арга хэрэгсэлүүд”, “Хүйсийн хүртээмжтэй санхүүгийн бодлогын загвар”-ын хүрээнд туршлага солилцож цаашдын чиглэлийг тодорхойлно.
Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН) нь хөгжиж буй 100 гаруй улс орны төв банк болон санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Санхүүгийн зохицуулах хороо нь 2010 онд Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн гишүүнээр элссэн бөгөөд нийгэмлэгийн долоон ажлын хэсэгт ажилладаг.





