Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Гишүүд ЗГ-ын өмнөөс төсвийн гадуур, том мөнгөний асуудлыг нь УИХ руу барьж ордог гал хамгаалагч биш!
УИХ-ын чуулганы /2026.05.15/-ны Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.
ЗГ ажлаа өөрөө хийж сурах хэрэгтэй. Авсан зээлийнхээ ашиглалтыг нэмэгдүүлье гэж байгаа. Энэ бодлогоо өөрсдөө өөрийнхөө нэрээр өргөн бариад УИХ-д оруулж ирэх ёстой. Харамсалтай нь ЗГ хэрэглэсэн зээлийнхээ асуудлыг УИХ-ын гишүүдээр өргөн бариулаад ард нь нуугдчихдаг. Алдаа эндэгдэл гарч, муу нэр зүүх болбол УИХ-ын гишүүд үүрнэ биз гэсэн хандлага харагдаж байна. Энэ буруу байдлаас үүдээд төслүүд буцаж явсан. УИХ-ын гишүүдээр могой бариулж байгаа үйлдэл нь гүйцэтгэх эрх мэдэлд худалдагдсан УИХ-ын гишүүд байгаа юм биш үү гэдэг эргэлзээг олон нийтэд төрүүлж байна. Маш их том хэмжээний мөнгөн дүнтэй, төсвийн гадуур, зарчим эвдэж явах гэж буй асуудлыг өргөн барьж, хэлэлцүүлж байгаа УИХ-ын гишүүдийг ард иргэд хардах нь зүйн хэрэг.
Энд улс төрийн авлига яваад байгаа юм биш үү, төсвийн ард УИХ-ын гишүүд ЗГ-ын өмнүүр орж төсвийг бужигнуулж байгаа чинь ардаа ямар тохироо хийсэн юм. Ямар хэмжээний мөнгөний сонирхол явж байгаа юм. Ийм байдлаар УИХ ЗГ-т хяналт тавих ёстой чиг үүргээ эсрэгээр нь ЗГ-ын өмнөөс УИХ руу асуудлыг нь барьж ордог гал хамгаалагч хийж байгаа чинь парламентын нэр хүндийг унагахад хүргэж байна. Тэгэхлээр энэ зарчмын бөгөөд суурь шинжтэй алдаагаа засаад өнөөдөр УИХ дээр оруулж ирж байгаад таатай таатай байна.
УИХ дотроо энэ асуудлыг сайн ярих ёстой. Парламент гэдэг бол төлөөлөл, хууль тогтоох, ЗГ-т хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь ЗГ УИХ-ын гишүүдээр өөрсдийнхөө галтай сэдвийг бариулж гал баригч хийлгэдгээ болих хэрэгтэй. Сүүлдээ ЗГ-ын нэр цэвэр УИХ нь авлигын үүр уурхай болчихсон. Үүнд УИХ-ын дарга ч анхаараарай.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
