#Тойрог2 мин унших
“Амьдрах орчноо сайжруулж – өрхийн үйлдвэрлэлийг дэмжье” нэгдсэн арга хэмжээ боллоо

Хөвсгөл аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Бүтээлч Хөвсгөлчүүд” аяны хүрээнд “Амьдрах орчноо сайжруулж – Өрхийн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээ боллоо. Урин дулааны улирал айлчлан ирж, хаврын тариалалт, бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ цаг үед Хөвсгөл аймаг иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр олон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 35 кВт-ын дэд станцын бүтээн байгуулалт, төв замын өргөтгөл, айл өрхүүдийг төвлөрсөн дулаанд холбох зэрэг томоохон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өгч байгаа нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Шинэ хөдөө” төслийг Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжүүлж байна. .Төслийн хүрээнд нийт 345 байнгын болон түр ажлын байр бий болгож, иргэд, үйлдвэрлэгчдэд 850 гаруй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гардуулан өгсөн байна.

Энэ онд мөн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөө аж ахуй, газар тариалан, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих 200 гаруй тоног төхөөрөмжийг олгохоор төлөвлөж байна. Энэ хүрээнд 80 морины хүчтэй трактор, 25 морины хүчтэй хадлангийн иж бүрдэл, хүлэмж, сийлбэрийн тоног төхөөрөмж, төмс, нарийн ногоо үрлэгч, хураагч, анжис, хадуур хаман боогч, өрхийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгнө.
Өнөөдрийн арга хэмжээнд аймгийн Цагдаагийн газарт 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөөврийн компьютер, өнгөт принтер, гар станц, тандагч багаж, дуут гэрлэн дохио чанга яригч зэрэг 98 төрлийн тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Цаашид ч жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхэлж өөрийн хөдөлмөрөөр ажлын байр бий болгож, ажилтай орлоготой болох санаачилга гаргаж байгаа иргэдээ бүх талаар дэмжин ажиллах болно. Иргэн бүрийн хөдөлмөр, бүтээлч санаачилга бол орон нутгийн хөгжлийн үндэс, айл өрхийн амьжиргааны баталгаа гэдэгт итгэлтэй байна. See less
Сэтгүүлч Ц.Соёлмаа
