Үйл явдал2 мин унших
Европт сурахаар одсон хүүхэд залуусын түүх 100 жилийн дараа номын суварга болж мөнхөрлөө

Та бид 100 жилийн өмнөх түүхийн хуудсыг урагшлуулан, Монголын суу билэгт охид хөвгүүд буурал Европын зүг эрдмийн жолоо залж, тэдний баяр хөөртэй өдрүүд, бас уйтгар гунигийн сүүдэр дайрсан хэлмэгдлийн он жилүүдийн тухай 100 жилийн дараа унших боломж бүрдэж байна.

Монгол хүн дэлхийн цонхоор харах хүсэл мөрөөдөл биелж, боловсролын түүхэнд үсрэлт хийсэн хамгийн сайхан түүх юм. Анхны гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан Монголын 40 орчим хүүхэд залуусыг өөрийн биеэр Герман, Францад хүргэн өгч, эрдэм өвөрлөн ирж, эх орноо хөгжүүлэх үүрэг захиасаа өгч байжээ.

Энэхүү түүхээс нэгэн 100 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөр бол хэн хаана амьдарч байгаагаас, ээж аав нь хэн байхаас, ямар ажил алба эрхэлдгээс, амьдралынх нь түвшин ямар байгаагаас үл хамаарч зөвхөн сум, баг, хорооныхоо шилдэг сурагчдад олгогддог хамгийн шударга хөтөлбөр болж чадсан. Энэ хөтөлбөрийн ачаар ХБНГУ-д 100 жилийн анхдагчдаас олон оюутан амжилттай суралцаж байна.

Зохиолч сэтгүүлч Ч.Болдын “Алс газар сурахаар одогсод 100 жил” гэрэл зураг, баримтат түүх өгүүлсэн энэхүү номыг хэвлүүлэхэд дэмжсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнөөдөр манай их сургууль, коллежүүдэд Германы боловсролын тогтолцооны сайн жишгүүд, хосмог сургалтын хөтөлбөр нэвтэрч, Монголын хүүхэд, залуус тус улсад суралцах илүү өргөн боломж нээгдсээр байгаад баяртай байна.


Эх сурвалж:
Боловсролын яам