Онцлох мэдээ2 мин унших
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, П.Батчимэг, Д.Батбаяр, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан нараас Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хууль нь хамгаалах үзэл санаанд тулгуурлаж байсан бол энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг экосистемийнх нь хувьд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэж байгаагаараа онцлог болохыг төсөл санаачлагчид тодотгож байсан юм.
Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, төсөлд ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилж, ангилал тус бүрийн дэглэм, хориглох үйл ажиллагааг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан байна. Мөн ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатай удирдахад чиглэсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг болох улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай баталж, хэрэгжүүлэх, улмаар иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойгоо эзэмших ашиглах, үр шимийг нь хүртэх, таримал ойг цахим системд бүртгэж, хувийн хэрэг олгох зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар ойн нөөцийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, био эдийн засаг хөгжиж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжих, улмаар нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зохицуулалт тодорхой болсноор ойн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.