#Тойрог1 мин унших
Мөрөөдлийн найзаа цаасан дээр урласан 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Хассуурь хүмүүнлэгийн сан, Kids art Mongolia төрийн бус байгууллага жил бүрийн 6-р сарын 1 буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Миний мөрөөдөл гар зургийн уралдааныг зарладаг.
Бид 2022 онд “Миний мөрөөдөл” гар зургийн уралдааныг Баянгол дүүргийн ЕБС-иуд дунд зарлаж шилдгүүдээ шалгаруулах арга хэмжээг Хүүхдийн Парк дээр зохион байгуулж олон нийтэд нээлттэй ART STREET маягаар байршуулж байв.
2023 онд бид “Миний мөрөөдөл, миний хот” сэдвийн хүрээнд зохион байгуулж 6-12 насны 2800 гаруй хүүхэд багачууд маань өөрсдийн сэтгэл доторх мөрөөдлийн хотоо цаасан дээр буулгасан юм. Уламжлал ёсоор 6-р сарын 1-ний өдөр UG Arenad үзэсгэлэн гаргаж хүүхэд багачуудын сэтгэл доторх мөрөөдлийн хотоор хамтдаа аялсан.

2025 онд “Миний мөрөөдөл, миний сургууль” сэдвийг сонгож хүүхдийн амьдралын хамгийн чухал хэсэг болсон “сургууль” тэдний сэтгэл дотор хэрхэн сүндэрлэж байдгийг харахыг зорьсон юм. Бид уралдаанд оролцсон 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шилдгүүдээ шалгаруулан хамтдаа баярласан.


2026 онд Хассуурь сан “Миний мөрөөдлийн найз” сэдвийг сонгож Kids art Mongolia, Эрдмийн ундраа сургуультай хамтран Баянгол дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 1-4 р ангийн сурагч нарын дунд гар зургийн уралдаанаа зохион байгууллаа. Уламжлал ёсоор 1000 хүүхдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдгүүдээ шалгаруулан хамтдаа баярлалаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


