Үйл явдал2 мин унших
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуулийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.16) 60.7 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэв.
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс 65 санал боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, ахлагч Х.Баасанжаргал танилцуулсан. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор өнгөрсөн жил өргөн мэдүүлжээ.
Хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол Монгол Улс 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж, улмаар хүний эрхтэй холбоотой 70 гаруй гэрээнд, үүнээс хүний эрхийн суурь 18 гэрээний 17-д нь нэгдэн ороод байгаа. Манай улсад бие даасан 590 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. 2020 оноос хойших хугацаанд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр холбогдох хуулиудын шинэчилсэн найруулгыг боловсруулж, Улсын Их Хурлаас баталж хүний эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд тодорхой дэвшил гаргасан. Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлсний мөрөөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 170 зөвлөмжийг өгснийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж үзжээ.

Уг хуулийн төсөлд үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах, албаны нууцын хүрээг хумих, хөгжлийн бодлогын баримт бичигт хүний эрхийн шалгуур бий болгох, хуульчдын олон улсын гэрээний талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг тусгасан. Нийт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зүйл бүрээр хэлэлцэж, санал хураав. Төслийг гишүүдийн олонхын саналаар дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Сэтгүүлч Ц.Соёлмаа







