Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.16) 60.7 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэв.
Хууль зүйн байнгын хороо уртасгасан цагаар хуралдаж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж, Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хувийн эрх зүйн суурь хуульд тооцогдох Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталж, нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн.
Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдах ажээ. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох зэрэг харилцааг зохицуулах талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл танилцуулсан. Хуулийн төслүүдийг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа








