Үйл явдал1 мин унших
Бид COP17 хурлаар ямар санал санаачилга дэвшүүлж, ямар үр дүн хүлээж байна вэ?
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ нь манай улсын хувьд байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр зохион байгуулж буй хамгийн том олон улсын арга хэмжээний нэг юм.
COP17 хурлын хүрээнд Монгол Улс газрын доройтол, цөлжилт, гангийн эрсдэлийг бууруулах, газрын тогтвортой менежментийг дэмжих, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал санаачилгуудыг дэвшүүлж байна.
Түүнчлэн хуурай болон хагас хуурай бүс нутгийн орнуудын өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг дэлхийн түвшинд хэлэлцүүлж, бодит шийдэлд хүрэхийг зорьж байгаа.
Бидний хүлээж буй гол үр дүн нь газрын доройтолтой тэмцэх, бэлчээр болон экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм.
Мөн Монгол Улсын хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, газрын доройтлыг бууруулах бодлого, санаачилгыг олон улсад сурталчлан таниулж, энэ чиглэлд бүс нутаг болон дэлхийн хэмжээнд манлайллаа бэхжүүлэх боломж бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, COP17 нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтолтой тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагаа болон санхүүжилтийн шинэ боломжуудыг нээх чухал индэр болно гэж үзэж байна.

