Үйл явдал2 мин унших

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын нөхөн сэргээлт хийх үүргийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал дараах чиглэлийг өглөө.
Үүнд: “Нөхөн сэргээлт 2030” нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох сайдуудтай хамтран баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хамруулан улсын хэмжээнд үзлэг, шалгалтыг зохион байгуулахыг даалгалаа.
Эвдэрсэн газрын мэдээллийн сангийн 2026 оны 04 дүгээр сарын мэдээгээр улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтын улмаас эвдрэлд орсон 42076 га талбай, барилга, дэд бүтэц, цэргийн бүтээн байгуулалтын улмаас эвдрэлд орсон 7276 га, хууль бус ашигт малтмал олборлолтоос үүдэж эвдэрсэн 3143 га, хариуцах эзэнгүй орхигдсон 2246 га талбай бүртгэгдсэн бөгөөд улсын хэмжээнд нийт 54,744 га талбай эвдрэлд орсон байна.
Тэр дундаа уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил нөхөн сэргээлт хийгээгүй биологийн олон янз байдал бүхий ойн сан, усан сан бүхий газруудад эвдрэлд оруулсан их хэмжээний талбайг яаралтай нөхөн сэргээх, улсын хэмжээнд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус яамнаас холбогдох яамдтай хамтран 2020 онд “Нөхөн сэргээлтийн арга хэмжээг эрчимжүүлэх” нэгдсэн төлөвлөгөө батлуулсан.
Үүний үр дүнд 2020-2025 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэл орсон нийт 13,980 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 3632 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгэсэн.
Цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, хариуцлагагүй уул уурхай, бичил уурхай, авто болон төмөр зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын улмаас эвдрэлд орж нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон газруудын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгүүлэх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, хүний амь нас, хүрээлэн буй орчныг хамгаалах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нөхөн сэргээлтийн цогц арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2010