Үйл явдал3 мин унших
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын 2026.06.18-нд яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлж газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг бууруулах, нефть боловсруулах үндэсний үйлдвэртэй болох бодлогын хүрээнд зүүн бүсийн нефтийн орд газарт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.
Сүүлийн жилүүдэд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг" ХХК болон "Доншен газрын тос (Монгол)" ХХК-ийн хөрөнгө оруулалт, олборлолт буурч байгаа бөгөөд гол шалтгаан нь татвар, нийгмийн даатгал, аудит болон бусад хууль, эрх зүйн тогтворгүй байдал, орон нутгийн эсэргүүцэл зэрэг нөлөөлжээ. Мөн 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993, 1995, 1997 онд байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд нь татварын багц хууль болон бусад хууль тогтоомжийн өөрчлөлттэй зөрчилдөж эхэлснээр татварын асуудалтай тулгарсан байна. Эдгээр нөхцөл шалтгаанаас хамааран газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж, улмаар ус, цахилгааны төлбөр, хураамж болон ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүй болоод байсан юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
