Үйл явдал2 мин унших
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр тус хурлын тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026” эхэллээ. “Уур амьсгалын эрсдэлийн эрин үед газар, ус, байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд болж буй уг арга хэмжээний “Усны эрсдэлийн санхүүжилт: Түншлэл, санхүүгийн хэрэгслүүд ба хөрөнгө оруулалтын боломжууд” хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц оролцож энэ хүрээнд хийж гүйцэтгэсэн зарим ажлаас танилцууллаа. Тэрбээр усны хомсдол, ган, үер, усны чанарын доройтол зэрэг байгаль орчны эрсдэл нь зөвхөн экологийн асуудал бус, үйлдвэрлэл, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг уснаас хамааралтай салбарын үйл ажиллагаа цаашилбал хөрөнгө оруулалт, зээл, даатгалын эрсдэлд нөлөөлөх санхүүгийн эрсдэлийн нэг хэлбэр болж байгааг онцлоод СЗХ усны эрсдэлийг санхүүгийн салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоо, санхүүгийн байгууллага болон хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад үе шаттайгаар тусгах, тогтвортой санхүүжилтийг дэмжих, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.
Мөн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах төсөл, арга хэмжээг хөрөнгийн зах зээлээр дамжуулж санхүүжүүлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж, ногоон, нийгмийн болон тогтвортой байдлын бонд гаргах зохицуулалтын орчныг бүрдүүлсэн. Үр дүнд нь өнөөдөр дотоодын зах зээлд 3 үнэт цаас гаргагч 5 удаагийн ногоон болон нийгмийн бондоор нийт 57 тэрбум төгрөг, 40 сая ам.доллар, олон улсын зах зээлд 4 үнэт цаас гаргагч 5 удаагийн бондоор нийт 440 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлснийг онцоллоо.
Түүнчлэн банк бус санхүүгийн салбарт байгаль орчин, нийгмийн эрсдэлийг санхүүжилтийн шийдвэрт тусгах зохицуулалтыг хэрэгжүүлснээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар салбарын нийт зээлийн үлдэгдлийн 1.8 хувийг ногоон зээл эзэлж, үүнээс 662 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономийн Тогтвортой ус, хог хаягдал ангилалд хамаарч байна. Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо усны эрсдэлийг санхүүгийн эрсдэлийн үнэлгээнд тусгах, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, усны тогтвортой менежментийг хэрэгжүүлж буй төсөл, бизнесүүдэд хөрөнгө оруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх нь тэргүүлэх чиглэлийн нэг гэсэн юм.
Хэлэлцүүлгийн дараа Санхүүгийн зохицуулах хороо, Олон Улсын Санхүүгийн Корпораци, ТоС холбоо, Голомт банк хамтран боловсруулсан Монгол Улсын анхны цэнхэр бондыг гаргах боломжийг танилцуулах арга хэмжээ боллоо.
197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож тус хурал маргааш байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийн хүрээнд үргэлжилнэ.