#Коммент2 мин унших
Б.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвөөс харин ч хасаагүй шүү гэж “Тавлаж” байна!

Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр бүсээ чангалж 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголын төслийг Засгийн газраас боловсруулан өргөн барьсан. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа билээ.
Байнгын хороодоор хэлэлцэж буй төсвийн тодотгол дээр гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баясгалан “Төсөв тодотгохдоо нийгмийн хамгийн эмзэг хэсэг болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төсвийг нэмэхээ санаатай орхижээ” хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Тэрээр, Хүнд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асарч байгаа иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 320 мянган төгрөгөөр амьдарч чадах уу? Бид нар төсвийг тодотгохдоо инфляцтай уялдуулж инфляц өсгөхгүйн тулд нэмсэн гэнэ. Амь зогоохын тулд авч байгаа мөнгө нь амьжиргааны доод түвшинд ч хүрэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвөөс харин ч хасаагүй шүү гэж “Тавлаж” байна.
Угаасаа хүрэхгүй байгаа төсвийг юуг нь хасах юм бэ? Угаасаа хүрэхгүй байгаа цалингаас тэтгэмжээс юуг нь хасах юм бэ? Нэртэйгээр нь үлдсэн нэг нүдийг нь, нэг чихийг нь, хөлийг нь гарыг нь хасчих л даа. Амьдралыг нь хасчих л даа. Та нарын энэ жил нэмсэн ирэх жил нэмнэ гээд байгаа тэр төсвөөр чинь ч энэ хүмүүсийн мөнгө амьжиргааны доод түвшиндээ хүрэхгүй байна .
Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч байгаа тэтгэврийг тэтгэмжийг нэмбэл инфляц өсөх гээд байна гэж МАН үе үеийн засгийн газар хэлж байна гэж байр сууриа илэрхийллээ. Төсвийн тодотголыг өнөөдөр буюу /2026.09.14/-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




