#Тойрог2 мин унших
Хилийн цэргийн 0108 дугаар ангийн түүхт 100 жилийн ойн баяр тохиож байна

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын баталгаа болсон улсын дархан хилийн халдашгүй байдлыг сахин хамгаалахад нэгэн зууныг зориулсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн түүхт 100 жилийн ойн баяр тохиож байна.
1926 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт “Байцаан өнгөрүүлэх салбар” нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан тус анги нь өдгөө улс орны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн гол зангилаа болох Замын-Үүд боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх чиг үүргийг нэр төртэй биелүүлж буй хил хамгаалалтын чухал нэгж болсон.
Өнөөдөр Монгол Улсын төрийн бодлогоор улсын хилийн халдашгүй байдлыг хангах, хил хамгаалалтын чадавхыг бэхжүүлэх, хяналт шалгалтыг боловсронгуй болгох чиглэлд үе шаттай шинэчлэлүүд хийгдэж байна.

Түүхт 100 жилийн ой бол өнгөрсөн хугацааны ололт амжилтаа дүгнэхийн зэрэгцээ хил хамгаалалтын баялаг уламжлалыг шинэ үеийн хөгжил дэвшилтэй холбон үргэлжлүүлэх түүхэн үе шат билээ.
Түүхт ойн баяраар Төрийн өндөр цол, шагнал хүртээв

Энэхүү түүхэн ойн баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хил хамгаалах байгууллага, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хилийн цэргийн алба хаагчдыг төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.
Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн алба хаагч Хасаарагчаагийн РАНЖИННЯМ-ыг эх орныхоо аюулгүй байдлыг хангах, хил хамгаалалтын салбарыг бэхжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрээ төр засагтаа өндрөөр үнэлүүлж, "МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнагдлаа.

Дорноговь нутгийнхаа дархан хилийг нүд цавчилгүй сахин хамгаалж, ард иргэдийнхээ итгэл, хүндэтгэлийг хүлээн, эх орныхоо аюулгүй байдлын манаанд нэр төртэй зогсож ирсэн Хилийн цэргийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн хилчид, ахмад дайчид, тэдний гэр бүлд түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эх орны үүдэн босго болсон Замын-Үүдийн хилийн боомтын аюулгүй байдал бат найдвартай байг!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
