Байр суурь2 мин унших
О.Алтангэрэл: Авлигатай сайхан уриа лоозон, сүржин үгээр тэмцэхгүй!
УИХ-ын чуулганы /2026.09.22/-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн томилгоог танилцуулан хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.
Хөрөнгө хураах хуулийг өргөн бариад 500 хонож байгаа. Энэ хууль ерөөсөө явдаггүй. Энэ хуулийн төслийг ХЗДХЯ, Улсын дээд шүүх, АТГ, прокурор гээд олон газрын төлөөлөл гарч, боловсруулагдаж өргөн баригдсан хуулийн төсөл. Авлигатай сайхан уриа лоозон, сүржин үгээр тэмцэхгүй. Авлигатай бодлогоор тэмцэнэ. Ганцхан хуулийн төсөл яриад байгаа юм шиг боловч, үүнд маш олон хуулийн нэмэлт өөрчлөлтүүд байгаа. Өнгөрсөн жилүүдэд баахан мэдэгдэл хийж, тэр ч хулгайч, энэ ч хулгайч, энэ хууль зөрчсөн гээд юм ярьдаг. Эзэн байхгүй цаашаа үргэлжлээд явдаг. Энэ болгонд чинь хууль зүйн шийдэл гаргана. Би шинээр томилогдож байгаа Г.Тэмүүлэн гишүүнд үүн дээр онцгой анхаарч анхаарч ажиллаарай гэж захиж хэлье.
Дээрээс нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль байгаа. Манай ЗГ өргөн барьсан, жоохон янзлаад буцаагаад өргөн барья гээд татсан, одоо болтол байхгүй. Би Б.Энхбаяр болон С.Амарсайхан сайдад хэлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдчих юм бол хүүхдийн тэтгэлэг, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэл энэ болгонд өөрчлөгдөх гээд байгаа юм. Тэр байтугай банк энэ хууль чинь батлагдвал хүүгээ бууруулъя гэж юм яриад байгаа юм. Хорих, ял эдлүүлэх үйл ажиллагаа үндсэндээ өөрчлөгдөнө. Энэ хуулийн өөрчлөлт дээр онцгойлон анхаараарай. Хууль зүйн бодлогын асуудал их чухал .

Өнөөдөр ХЗДХ-ийн сайдын томилгоон дээр АН-ын бүлэг шаардлага тавьсан учраас өөрсдөө орж ирээд , ирцдээ ороод сууж байгаа. Ирцтэй холбоотой би нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн намар яг ингээд танай нам 2 талцаад байж байхад, манайхан орж ирж ирцийг чинь бүрдүүлж, гацаанаас чинь гаргаж өгсөн. Дахиад хоорондоо муудалцаад, гацаад эхлэнгүүтээ АН-ынхан сууж байна, суухгүй байна гэж 80 суудал бүрдүүлчхээд ийм асуудал яриад байж болохгүй, үүнийг анхаараарай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




