Байр суурь2 мин унших
Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу сэдвээр мэтгэлцлээ
УИХ-ын чуулганы /2026.09.25/-ны өдрийн хуралдаанаар Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу сэдвээр мэтгэлцэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан асуулгын цагаар үргэлжилж байна. УИХ-ын асуулгын цаг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гаригт болдог. Энэ удаагийн асуулгын цагаар "Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байгаа юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Түмэн олон ядуурлаас гарсан уу. 2016 онд 900 мянган иргэн ядуу байсан, одоо бас л 900 мянган иргэн ядуу хэвээрээ байна. Гадаад эдийн засгийн таатай үед том мега төсөл хэрэгжүүлж байгаа хэр нь ядуурал буурсангүй. Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг 7.7 хувиар өссөн байтал иргэд 5 хувиар ядуурсан. Эдийн засаг томорч байхад иргэд нь ядуураад байдаг. Энэ мөнгө хаачив. Таны өргөн барьсан төсөвт цалин, тэтгэврийг энэ онд 200 тэрбумаар нэмнэ гэчихээд төсвөө 1 их наядаар нэмчихсэн. Яах гэж байгаа юм тэр 4, 5 их мөнгөөр. Ирэх жил цалин, тэтгэлрийн нэмэгдэл 2 их наяд, гэтэл төсвөө 10 их наядаар тэлж байгаа.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай байна. Үүнийгээ тогтвортой хадгалж байгаа. Маш сайн мэдээ бол экспортын хэмжээ нэмэгдсэн. Нүүрсний экспортын хэмжээ 85 сая тоннд хүрсэн. Экспорт өмнөх оны мөн үеэс 58 хувиар нэмэгдсэн. Зэсийн баяжмал 23.2 хувь, төмрийн хүдэр 7 хувь, валютын нөөц ажил авахад 7.2 тэрбум ам.доллар байсан өнөөдөр 8.4 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын хувь хэмжээ өсч байгаа учраас ашгийг ард иргэдэд зориулах нь зүйтэй юм аа гэж Монгол Улсын 2027 оны төсвийг өргөн мэдүүлсэн.
Ядуурлын түвшин 2010 онд 38.1 хувь байсан. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ядуурал 27.1 хувьтай гэж мэдээлсэн. Ядуурлын түвшин буурч байгаа. 2026 оны арваннэгдүгээр сард ядуурлын түвшин гарна. Экспорт нэмэгдэж байгаа үед өрхийн бодит орлогыг хамгаалахгүйгээр эдийн засгийн өсөлтийг айл өрх рүү оруулж чадахгүй. Хоёр зам бий. Татварыг бууруулсан ачааллыг төсөв дээр авах ёстой. Тэтгэвэр, цалингаа нэмэгдүүлнэ. Тэгж байж өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Ядуурлын түвшинг аваад үзэхээр нийт хүн амын 40 хувь бага орлоготой. Ахмадуудын 30 хувь бага орлоготой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
