Үйл явдал2 мин унших
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ АЖЛУУДААС ХҮРГЭЖ БАЙНА

✅Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн шаардлагагүй зохицуулалт, шат дамжлага, хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх зорилгоор шинэчлэгдсэн Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах Зөвшөөрлийн зөвлөлийн анхны хуралдаан боллоо. Хуралдааныг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Зөвшөөрлийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр нээж, зөвшөөрлийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн хууль, системийн өөрчлөлтөөр бус, бизнес эрхлэгчийн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд зарцуулдаг хугацаа, зардал, шат дамжлага, чирэгдэл бодитоор буурсан эсэхээр хэмжих шаардлагатайг онцоллоо.
✅Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ляонин мужид зохион байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын 7 дугаар үзэсгэлэнгийн арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо. БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дэд дарга Жоу Чян, Ляонин мужийн Намын хорооны дарга Шюй Күньлинь нарын хамт үзэсгэлэнгийн талбайтай танилцлаа.
✅Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв”-д “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт арга хэмжээ боллоо. Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээлтийн үг хэлж, “Засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, өгөөжийг өрхийн хаалгаар оруулахад онцгойлон анхаарч байгааг онцоллоо. Мөн хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх чиг үүргийг Хөрөнгө оруулалт, худалдааны газарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
✅АНУ-ын Худалдааны яамны CLDP буюу Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлагын төслийг хамтран боловсруулах хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтанд Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо. Монгол Улсад Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төслүүдийг бэлтгэх, үнэлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын сайн туршлагад нийцсэн гарын авлага боловсруулж, энэ чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийн ажиллагсдын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэв.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба

