Үйл явдал1 мин унших
Б.Жаргалан: Парламент дахь эмэгтэйчүүдийн бодлого, шийдвэрт үзүүлэх бодит нөлөөг бий болгон хөгжүүлэх нь чухал

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн эмэгтэй парламентчдын форумын “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх, манлайлал болон мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг чиглүүлэн ажиллалаа.
Хэлэлцүүлэгт:
• А.Ариунзаяа – Монгол Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга;
• Аума Линда Агнес – Уганда Улсын парламентын гишүүн, Эмэгтэй парламентчдын холбооны тэргүүн;
• Кумари Селжа – Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын гишүүн, Засгийн газрын сайд асан;
• Лионель Лоренс – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч;
• Мевлүт Каракаяа – Бүгд Найрамдах Турк Улсын парламентын гишүүн, Үндэсний хөдөлгөөний намын дэд дарга нар оролцов.
Эмэгтэйчүүдийн улс төр дэх тоон төлөөллийг нэмэгдүүлэхээс гадна хууль тогтоох, төсөв батлах, бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг шийдвэр гаргах үйл явцад бодит нөлөө үзүүлэх боломжийг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн улс орнуудын туршлагаас суралцах, эмэгтэй парламентчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу эмэгтэй манлайлагчдыг дэмжих, менторшип болон мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд эмэгтэй гишүүдийн төлөөлөл 25.4 хувьд хүрч, Азийн дунджаас давсан. Харин цаашид энэхүү төлөөллийг бодлого, шийдвэрт үзүүлэх бодит нөлөө болгон хөгжүүлэх нь чухал юм.
