Үйл явдал1 мин унших
Хүүхдүүдийн санаачилга Парламентын бодлогод хүрч байна

УИХын гишүүн Д.Цогтбаатар томилолтоор гадаад улсад ажиллаж байх хугацаандаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Терроризмтой тэмцэх асуудал эрхэлсэн түр хорооны санаачилгаар хэрэгжүүлж буй “Сургуулийн хэлэлцүүлэг” хөтөлбөрийн үр дүнг олон улсын вебинарт оролцож танилцууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт 165 сурагч оролцож, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны аюулгүй байдал, хүүхэд хамгааллын талаар санал, зөвлөмж боловсруулсан.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
Эдгээр саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төсөлд тусгахаар ажиллаж байна.
Хүүхдүүдийн санал парламентын бодлогод хүрч байгаа нь энэ санаачилгын чухал үр дүн юм.
“Сургуулийн хэлэлцүүлэг”-ийн дараа бусад сургуулийн багш, эцэг эхчүүдээс ижил арга хэмжээ зохион байгуулах хүсэлт ирж эхэлсэн.
Энэ хэлэлцүүлгийн нэг чухал тал нь хүүхдүүд асуудлаа өөрсдөө ярилцаж, шийдлээ санал болгох, харин насанд хүрэгчид тэднийг шууд сонсох боломж бүрдүүлсэн явдал байлаа.
Цаашид уг санаачилгыг бусад сургуульд өргөжүүлэн хэрэгжүүлэхээр зорьж байна. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөлөл ч Монгол дахь үр дүнг сайшааж, боломжийнхоо хэрээр дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
