Үйл явдал2 мин унших

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол ирэх сарын 15-нд болно

СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол ирэх сарын 15-нд болно

-Сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонгогдлоо-

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны (СЕХ) гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолын төслөөр СЕХ-ны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх сонсголыг 2026 оны 12 дугаар сарын 15-нд зохион байгуулна.

Хуралдаан даргалагч Б.Баярбаатар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2-т хорооны таван гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаатай томилно гэж заасныг дурдав. Сонсголыг Хяналт шалгалтын тухай хуулийн 30.1-д заасан журмаар хийнэ.

Сонсгол зохион байгуулахаар болсон шалтгаан нь СЕХ-ны гишүүн Д.Баяндүүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2026 оны 1 дүгээр сарын 17-нд, Д.Даваа-Очир, Э.Түвшинжаргал нарын бүрэн эрхийн хугацаа 2026 оны 8 дугаар сарын 28-нд дууссан явдал юм.

Анхны төсөлд сонсгол даргалагчаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхланг сонгохоор тусгасан байв. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд сонсголыг 50-иас доош насны хүнээр даргалуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоох асуудал яригдаж буй энэ үед сонгуулийн төв байгууллагын нэр дэвшигчийн сонсголыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шалгуур хангасан хүн удирдах нь зохисгүй гэсэн саналыг хүлээн авч, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулан сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор тусгав.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталсан.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

СонгуульХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2011