Үйл явдал4 мин унших
Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Эрхэм Гишүүдэд

Сэтгүүлч Tungalagtuul
Одоохон...
Үйл явдал4 мин унших

Сэтгүүлч Tungalagtuul
Монгол Улсын хувийн хэвшил болон түүний төлөөллийн байгууллагууд улс орны эдийн. засаг, валютын ханшны өсөлт, мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн зах зээлд гарч буй хүндрэл бэрхшээл зэргээс үүдэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ард иргэдийн амьжиргааны түвшин доройтож байгаатай холбогдуулан дараах санал, хүсэлтийг Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд хүргүүлж байна.
Монгол Улсын эдийн засаг статистикийн мэдээгээр өсөлттэй гарч, эдийн засгийн өсөлтийн 80 орчим хувийг уул уурхайн бус салбар буюу үндэсний үйлдвэрлэл дангаараа хангаж байна.
Гэсэн хэдий ч валютын ханшны тогтворгүй байдал, төгрөгийн ханшны уналтаас нөлөөлөлтэй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалан ард, иргэдийн худалдан авах чадвар буурч, амьдрах нөхцөл доройтож, бизнес эрхлэх орчин нөхцөл зах зээлийн шилжилтийн жилүүдэд байгаагүйгээр хүндэрч, дарамт шахалт улам ихсэж, хэвийн ажиллах нөхцөлгүй болж байна.
Дээрх нөхнөл байдлаас үүдэн бараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалт багасаж, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхи муудаж буй хүндрэл бэрхшээлийг аж ахуйн нэгж, байгууллагууд даван туулахын тулд ажлын байрыг олноор цомхотгох, үйл ажиллагаагаа түр болон бүр мөсөн зогсоож байгаа нь ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, ядуурал нэмэгдэж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтоход нөлөөлж байна.
Иймд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, «иргэдийн амьжиргаа, цалин хөлс, нийгмийн хамгаалал, бизнесийн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны Улсын хэлэлцээрт туссан зорилтуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэн, хууль санаачлах, батлах бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуудлуудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж УИХ-д хандаж байна.
Үүнд:
а. Монгол Улсад үйлдвэрлэгдэн экспортлогдож буй бүх барааны валютын орлогыг Монгол банкны дансаар дамжуулан гүйлгээ хийж байх онцгой дэглэм тогтоох тухай хууль яаралтай гаргах,
б.“Чингис”, “Самурай” зэрэг Засгийн газрын бондын эх үүсвэрүүдийг валютын орлогод тооцох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт нь хийгдэхэд бэлэн төслүүдийг дэмжих арга хэмжээг авах,
в. Үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон төсөвт орлого оруулж, экспортыг нэмэгдүүлэх боломжтой одоо саатсан томоохон төслүүдийг эхлүүлэх ажлыг нэн яаралтай авч үзэж шийдвэрлэх,
г. Валютын ханшийг 2014 оны улсын төсөвт тусгасан ханшаар (1460 орчмоор) 6 сараас нэг жил хүртэл хугацаанд тогтмол мөрдүүлэх тухай хууль гарган хэрэгжүүлэх,
д. Валютын ханшны өсөлтөөс үүдэн бий болсон шударга бус орлогод тусгай татвар ногдуулан, энэ чиглэлийн төлсөн татвараар валютын ханшны хүндрэлд өртөөд байгаа ард иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох арга хэмжээг энэ онд багтаан зохион байгуулах,
е. Улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхээр гэрээлсэн аж ахуйн нэгжүүдийн гэрээт ажлын төсөвт зардлыг валютын ханшны зөрүүгээр өсгөн тооцож олгох асуудлаар улсын төсөвт тодотгол хийх,
ж. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны арга хэмжээг нийгмийн түншүүдтэй хамтран гаргаж хэрэгжүүлэх,
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл
Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо
Монголын хүнсчдийн холбоо
Монголын барилгачдын холбоо
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци
Монголын оёдлын нэгдсэн холбоо
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо
Монголын төмөрлөг машин үилдвэрлэгчдийн холбоо
Монголын эрчим хүчний үндэсний ассациаци
Хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци
Монголын авто замчдын холбоо
Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо