-Хууль хэрэгжиж эхлэхэд хамгийн гол нь улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах шаардлагатай байгаа. Намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэх үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны багцад хүүхэд харах үйлчилгээнд зориулан 50 тэрбум төгрөг шийдвэрлүүлэхээр парламентын эмэгтэй гишүүд ажиллаж байна. Төсөв нь батлагдчих юм бол он гармагц өвөл гэлтгүйгээр төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой. Тэр хүртэл Засгийн газар журмаа гаргаж, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэх юм. Журам боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ч хараахан батлагдаагүй байгаа гэсэн мэдээлэлтэй байна.
-Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан, халдварт болон сэтгэцийн өвчингүй, мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-65 настай Монгол Улсын иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхлэх боломжтой бөгөөд харъяалагдах сум, дүүргийн Засаг даргадаа хандана. Засаг дарга нь баг, хорооны Засаг даргын саналыг үндэслэж, 14 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох эрх нь ч Засаг даргад бий.
Зөвшөөрлөө авсан иргэн тав болон түүнээс доош тооны хүүхэд харж болно. Гурван иргэн хамтраад нэг дор 15 хүүхэд харж болно. Хүүхэд харагч нь хоёроос сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр харж болно.
Төслийн анхны хувилбарт аж ахуйн нэгж энэ үйлчилгээг эрхэлж болохоор тусгасан байсныг хассан. Хэрэв аж ахуйн нэгж гээд заагаад өгчих юм бол хувийн цэцэрлэгээс ялгаагүй болж, тэдэнтэй өрсөлдөх болно. Тиймээс иргэн хүн харахаар хуульчилж өгсөн.
-Хуульд өөрийн хүүхдийг хүний хүүхдүүдтэй хамт харж болно гэж заасан. Тиймээс бусад хүүхэд харагчийн адил сургалтанд заавал хамрагдах ёстой.
Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр 30 мянган хүн шинээр ажлын байртай болно. Дөчөөс дээш насны эмэгтэйчүүд ажил олоход хэцүү байдгийг та бүхэн мэднэ. Тиймээс энэ насныхан илүү хамрагдах болов уу гэж бодож байна. Эдгээр хүмүүс ажлын байртай болохоос гадна хүүхдээ харуулж байгаа 60 мянган хүн ажлаа үргэлжлүүлэн хийнэ, эсвэл шинээр ажилд орж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
-Цэцэрлэг бол сургуулийн өмнөх боловсрол гэдэг утгаараа насанд нь тохирсон тодорхой мэдлэг, чадвар, дадал олгох үүрэгтэй байгууллага. Харин Хүүхэд харах төвийн хувьд гэртээ эзэнгүй орхигдож байгаа хүүхдүүдийг харах эзэнтэй болгож, эрүүл, аюулгүй орчинд амраах, халамжлах үйл ажиллагаа явуулна. Гол нь хүүхдэд хайртай, чин сэтгэлээсээ ханддаг хүн байхад болно.
-Өмнө хэлсэнчлэн Засгийн газраас батлан гаргах журамд энэ талаар тодорхой тусгаж өгөх байх. Мэдээж, өөртөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тул зохих төлбөртэй байх болов уу гэж бодож байна.
-Орон сууцанд бол аль нэг өрөөгөө хүүхэд харахад зориулж болно. Гэхдээ тэнд гадны хүн орох, амьдрахыг хориглосон. Хүүхдийн эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг нь хангах ёстой. Харин гэр хороололд амьдарч байгаа бол гэртээ хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Хашаандаа тусдаа гэр бариад, малчид бол 3-4 айл нийлээд дундаа нэг гэр бариад хүүхэд харах үйлчилгээнд тохируулан тохижуулж болно. Зуух нь сайн хамгаалалттай байх шаардлагатай. Хүүхэд хаана унтаж, хаана тоглох вэ гэдгийг сайтар тооцоолж, аюулгүй байдлыг хангаж өгөх ёстой. Үүнээс гадна хүүхэд харах байр, гэрийн гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой.
-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, хүүхдийг хараа хяналтгүй, харах хүнгүй орхих, хүн амьдарч буй байр, гэр, байшинд хүүхэд харах үйлчилгээ зохион байгуулах эсвэл хүүхэд харж буй байр, гэрт өөр үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах, эмчийн болон эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хүүхдэд эм бэлдмэл уулгах, тариа тариулах, хүүхдэд өдөрт 60 минутаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулах, шашны зан үйл явуулах, гадны хүн оруулах, хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, шийтгэлийн арга хэрэглэхийг хориглож байгаа. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ч хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө хяналтаа сайн тавих ёстойг анхаараарай. Шаардлагатай бол жижиг камер байрлуулаад, утаснаасаа хянаад байж болно. Мэдээж мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн ажилтан хяналт тавина.
-Эцэг эхчүүдийн төлөх төлбөрийн дээд хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу сайд тогтоохоор хуульчилсан байгаа. Ямартай ч улсаас олгож буй хоолны зардал болон хувьсах зардлын нийлбэр дүнгээс хэтрэхгүй байх ёстой гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Улсын цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд нэг бүрийн хоолны зардалд 36300 төгрөг, хувьсах зардалд 70500 төгрөг, нийт 116,900 төгрөг олгодог. Хувийн цэцэрлэгүүд улсаас хувьсах зардал авдаг хэрнээ эцэг эхчүүдээс сардаа 300 мянгаас доошгүй төгрөгийн төлбөр нэмж авдаг. Хүүхэд харах төвүүд энэ хэмжээний төлбөр авах юм бол бага, дунд орлоготой иргэд хамрагдаж чадахгүйд хүрнэ.