Байр суурь4 мин унших

Би МАН-ын гишүүн хэвээрээ л байна

Би МАН-ын гишүүн хэвээрээ л байна
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Ц.Да­ваасүрэн өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Өнгөрсөн мягмар гаригт МАН түүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн нь дүрмээ зөрчсөн зүйл хэмээн тэр ярилаа. Энэ талаар түүнтэй ярилцав. 

-Таныг МАН Бага хур­лын гишүүнээсээ чө­лөөлчихсөн. Учир нь таныг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нартай хамт намаасаа гарч бай­на гэж ойл­го­с­ных байх л даа...

-Тэгж далимдуулсан тал байгаа байх аа. Манай намын дүрмээр УИХ-ын гишүүн намын Бага хурлын гишүүн байх журамтай. Тэр тусмаа өнөөдрийг хүртэл би намын гишүүнээрээ бай­на. Тиймээс дүрэм зөр­чигджээ гэж ойлгож бай­на. Харин МАХН руу очоод намын гишүүнээ сэргээгээд орчихсон бол хасах нь аргагүй л дээ.

-Гэхдээ та намаас гарах бодолгүй байсан юм бол дээрх гурван гишүүнтэй хамт хэв­лэлийн бага хурал хийх шаардлагагүй байсан юм биш үү?

-Бидний дөрвөн ги­шүүн намын бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон талаараа л мэ­дээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Намаас гарах асуудалтай ямар нэг холбоо байгаагүй.

-Ер нь намаас гарах бодол байгаагүй гэж үү. Одоо яагаад өөр юм яриад байна вэ?

-Ямар өөр зүйл ярь­сан гэж. Намаас гарах зүйл яриагүй санагдана. Тийм шийдэл гарах дээ­рээ тулбал намайг дэм­жиж явдаг намынхаа мянга мянган гишүүнтэй ярилцаж байж шийднэ гэж хэвлэлийн бага хурал дээр хэлж байсан. Ер нь бидний эхнээсээ тавьсан асуудал  сайд огцруулах л байсан, түүнд би нэгд­сэн, тууштай байгаа. Ха­рин энэ асуудлаар на­мын шийдвэрээ дагаагүй гээд ямар нэг хариуцлага хүлээлгэвэл би бэлэн бай­гаа. Хийгээгүй алхмынхаа төлөө бол үгүй шүү.

-Фракц байгуула­хаас эхлээд та МАХН руу явсан гишүүдтэй санал нэг явсан юм биш үү?

-Албан ёсоор фракц байгуулж амжаагүй. Ярьц­гааж л байсан. Фракц бол нам дотроо л үйл ажиллагаа явуулдаг бүтэц. Одоо бол боломж­гүй болж. Бүх зүйл дээр бид хамт байсан гэсэн үг биш л дээ. Улс төрийн орчныг цэвэр, шударга байлгах, намаа нэгдмэл байлгах гэх мэт олон асууд­лаар бид нэг байр суурьтай байсан, цааш­даа ч төр, нийгэмдээ зөв хандлага тогтоох дээр нэгдмэл л байх болно.

-Бүлгээс гарна гэдэг чинь намаас гарна гэсэн үг биз дээ?

-Энэ хоёр бол өөр, өөр асуудал. Амьдрал дээр гарсан бодит жишээ татъя л даа. 2004 онд МАХН-АН хамтарсан Зас­гийн газар байгуулагдаж УИХ дахь бүдүүн бүлэг байгуулагдахад АН-ын дөрвөн гишүүн нэгдээгүй санагдана. Тэднийг на­маас гарсан гэж үзээгүй. Ер нь ард түмний төлөө­лөл болсон УИХ-ын ги­шүү­нийг УИХ дахь аль бүтцэд хамрагдаж, нэг­дэж, гарахыг УИХ-ын ту­хай хуулиар зохицуулдаг болохоос улс төрийн на­мын дүрмээр зохицуул­даг­гүй. Бид УИХ дахь шийд­вэр гаргадаг нэг бүтцэд оролцохгүй гэдгээ л мэдэгдсэн.

-Одоо тэгээд Ардын нам ч үгүй, МАХН ч үгүй болж байгаа хэрэг үү?

-МАН-ын гишүүн хэ­вээрээ л байна. Ард түм­ний төлөөллийг ганцаар­дуулна гэж юу байх вэ. Миний ард нутгийнхан, сонгогчид маань байж л байна. Намдаа авчирсан суудлыг нь ашиглачихаад эцэстээ "хажиглана" гэдэг чинь ёс зүйгүй хэрэг. Ер нь тэгээд ард түмний тө­лөөллийг шийтгэнэ гэдэг чинь сонгогчдыг нь хам­руул­сан л хэрэг болно доо.

-Ингэж байхаар МАХН руу явчихвал яасан юм...

-Намын гишүүнч­лэ­лийн асуудлыг тэр тусмаа ард түмний төлөөлөл болж яваа хүн гомдол, сэтгэл хөдлөл, атаа хорс­лоор шийдэх асуудал биш байх аа. Ер нь бол намаа нэгтгэх асуудлаар бидний дөрвөн гишүүний хувьд байр суурийн зөрүү байсан. Сонгуулийн да­раа ч юм уу, хэзээ нэг цагт нэгдэнэ дээ. Амьдрал баян шүү. Өөрийнхөө хуу­лиар зохицуулаад л явчихна.

-Хэвлэлийн хурлын дараа гурван ги­шүүн­тэйгээ цуг МАХН руу яагаад яваа­гүй юм бэ?

-Хэвлэлийн бага ху­рал дээр МАХН-ын ги­шүүнч­лэлээ сэргээх асууд­лаар шийдээгүй бай­гаа гэдгээ тодорхой хэлсэн дээ. Нөгөө талаар, би гурван нөхрөө хурлын дараа шууд явах гэж бай­гаа талаар тэр үед мэ­дээгүй, тэд маань ч надад энэ талаар ярьсангүй. Орой зурагтаар л мэдсэн.

-Бага хурлын ги­шүүн биш болсон учраас ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй гэсэн үг үү?

-Тийм далд санаа явааг үгүйсгэхгүй байна. Намын удирдлагуудаас энэ талаар тодруулна гэсэн бодолтой байгаа. Ер нь орон нутагт болсон хэлэлцүүлэг гэж өөрс­дий­гөө хуурсан инээдтэй л юм болсон сонсогдсон. Эцсийн дүндээ иргэдийн л саналыг авна шүү дээ. Бүгдийг нь мөнгөөр зохи­цуулна гэж ард иргэдээ басаж болохгүй.

-Намаасаа гарахгүй гэдгээ удирд­лагууд­даа хэлж тайлбар­лах хэрэг­тэй болж байна аа даа?

-Гараагүй байгаа хүн чинь юуг нь хэлдэг юм.

-Тэгвэл таныг Бага хурлын гишүүнээр да­хин батламжлах болов уу?

-Бага хурлын гишүү­нээс татгалзах шийдвэр би гаргаагүй. Намайг чө­лөө­лөх шийдвэр гарга­сан хүмүүсийн л шийдэх асуудал.

-Одоо та ямар алхам хийх гэж байна?

-Итгэл хүлээлгэж, тө­лөөллөө болгосон нут­гийнхан, надтай цугтаа явж, дэмжиж ирсэн жирийн гишүүд, дэмжигч­дийнхээ саналыг харгал­заж байж шийдлээ гарга­на даа. Энэ бол бидний хамтын шийдэл байх болно.

Сэтгүүлч ts8060

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2020
  3. 2017
  4. 2016

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008