УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Орлогоо нуун дарагдуулахын тулд татварын таатай бүсэд данс эзэмшиж байгаа асуудлыг манай улсын Эрүүгийн хууль, Авлигын тухай, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай зэрэг хуулиар зохицуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Тийм учраас энэ асуудалд хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэж хэлж болохгүй юм.
Дэлхий дээр маш олон банк бий. Гэтэл заавал татварын таатай бүсэд мөнгөө байршуулна гэдэг нь орлогоо нуун дарагдуулах сонирхолтой байна гэж ойлгох хэрэгтэй.
Хууль ёсны орлого олж байгаа бол тэр орлогоороо аль нэг салбарт хөрөнгө оруулж болно. Хэрэв үүнийг хориглож байгаа бол Үндсэн хуульд заасан хүний эрхэд халдаж буй хэрэг шүү дээ. Өнөөдөр зөвхөн оффшор бүсийн тухай асуудлыг л ярих ёстой. Ер нь энэ хуулийн төсөл хэрэггүй. Хэрэв оффшортонгуудтай тэмцэх хангалттай хууль эрх зүйн орчин бий. Хүний эрхийг хязгаарлаж болохгүй. Хүн хууль ёсны орлогоо хуулийн дагуу ямар ч улсын банкинд байршуулж, хөрөнгө оруулж болно.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Өнгөрсөн жилүүдэд нилээдгүй дуулиан шуугиан болсон нэр бүхий улстөрч оффшор бүсэд 1 сая ам.доллараа хадгалуулсанаа мартсан зэрэг асуудал гарч байсан. Тухайн үед УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогт оффшор дансан дахь мөнгө нь илэрмэгц, ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдэг үүднээс дэд даргын ажлаа өгч байсан. Энэ мэт орлогоо нуун дарагдуулсан этгээдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин тэр үед хараахан бүрдээгүй байлаа.
С.Баярцогтын 1 сая ам.доллар бол хууль бусаар хөрөнгөжсөн эсэх нь эрүүгийн эрх зүйн харилцаа. 2008 онд Эрүүгийн хуульд “Хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах” гэдгийг гэмт хэрэг гэж үзэн нэмсэн. Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд “Татвар төлөхөөс зайлсхийх” зэрэг тодорхой төрлийн гэмт хэргүүд эрүүгийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдаж байна.
Үүнтэй холбоотойгоор гадаад улсын банкинд данс эзэмших, хөрөнгө байршуулах, хувь нийлүүлсэн компани байгуулахыг уг хуулийн төслөөр хориглож байгаа нь бусад улсын жишгийг дагаж байгаа хэрэг. Мөн хуулийн төслийн 20,2 дахь хэсэгт заасан 301 албан тушаалтан Монголын төрд зүтгэе гэж тангараг өргөсөн бол гадаад улсад аливаа санхүүгийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Оффшор бүс нь татварын таатай орчин гэдэг утгаар нь хуульчлах уу гэдэг Гадаад харилцааны яамнаас зөвлөмж авсан. OECD, ФАТФ зэрэг байгууллагын томьёолсон бүс нутгуудад данс эзэмшихгүй байх гэж хуулийн төслийн үйлчлэх хүрээг явцууруулах тал дээр яамнаас санал авсан.
Гэтэл олон улсад яг эдгээр бүс нутгийг оффшор бүс гэнэ гэж тодорхойлсон албан ёсны тодорхойлолт, томьёолол албан ёсоор байхгүй байна. Тиймээс Гадаад харилцааны яамнаас сайн, муу бүс нутаг гэсэн томьёолол гаргах нь өөрөө зохимжгүй гэсэн хариу өгсөн юм.