Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Татвар төлөгчдийн мөнгийг төрийн хийх ёсгүй ажил руу үрэлгэн байдлаар цацаад байна.
УИХ-ын чуулганы /2026.11.20/-ны өдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Нарийвчилсан байдлаар төсвийн хөрөнгө оруулалттай удирдлага зохион байгуулалтыг шийдэх анхдагч хууль гаргаж байгаад дэмжиж байна. Энэ нь төр өөрөө юу хийх ёстой хийх ёсгүй вэ гэдгийн хязгаар хүрээг гаргахад тусалж чадах уу? Манай төр эдийн засаг, зах зээл дээрээ хувийн хэвшлүүд нь хийгээд явах юман дээр төсвөөс маш их хэмжээний мөнгө гаргаад байна. Татвар төлөгчдийн мөнгийг төрийн хийх ёсгүй ажил руу илүү үрэлгэн байдлаар цацаад байна.
Үүний хамгийн том илэрхийлэл жишээ нь Улаанбаатар хотод Хан-Уул дүүрэг дээр соёлын төв барина гэдэг санал гарч ирж байна. Гэтэл Улаанбаатар хотод соёлын төвийн чиг үүргийг хувийн хэвшлийн барилга байгууламжууд гүйцэтгэдэг болчихсон. Соёлын олон арга хэмжээнүүд хувийн хэвшлийн зохион байгуулдаг бизнес болчихсон. Түүндээ зориулаад барилга байшингаа барьдаг болчихсон. Хөрөнгө оруулалтаа улсаас хамаагүй илүү үр ашигтай, хямдхан, тэгэхдээ хүнд ээлтэй хийдэг болчихсон. Гэтэл төр нөгөө талд хийх ёстой ажил нь шуурхай удирдлагын штаб, түргэн, цагдаа, онцгой байдал, нэг дуудлагатай байх, уялдаж ажиллах, том хэмжээний гал түймэр, том хэмжээний байгалийн гамшиг, халдварт өвчин, эмх замбараагүй байдал үүсэхэд уялдаатай зохион байгуулалттай зэрэгцэж ажиллах тэр боломжтой шуурхай штаб байхгүй.
Байшин сав, тоног төхөөрөмж нь хоцрогдчихсон дуудлага нь стандарт хугацаандаа ирдэггүй. Иргэд түргэн тусламж хурдан авч чадаагүйгээсээ болоод нас бардаг. Гэмт хэрэг дуудлага хурдан ирээгүйгээсээ болоод үргэлжлээд хохирогчийн тоо олширчихдог. Осол аваар эцсийн дүндээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг үндсэн хуулийн үндсэн зорилт хүндээ ээлтэй нийгмийн гол зорилго алга болчихсон.
Онцгой байдлынхан тусдаа шуурхай штаб барих тухай төсөв дээр мөнгө тавиад ороод ирдэг. Цагдаа, эмнэлэг, түргэн тус тусдаа дуудлагын утас нь, бүрэлдэхүүн нь, штаб нь үүнийг нэг хөрөнгө оруулалтаар үр ашигтай сая 700 мянган хүн оршин тогтнож байгаа Улаанбаатар хот Монгол улсад хийх боломж байсаар атал байгууллагын амбицуудаар, төсөв захиран зохицуулагчийн амбицаар тус тусдаа хийх гэж оролдоод сүүлдээ үрэлгэн, үндсэн чиг үүрэгтээ огт зориулаагүй даргын оффис бариад байна. Үүнийгээ шийдэж чадах уу?
Гуравдугаарт, нөөцийн сав агуулах барьдаг улс байхгүй болчихсон. Улсын нөөцөд байгаа бүтээгдэхүүнийг худалддаг, оруулж ирж үйлдвэрлэдэг компаниудтай гэрээгээ хийгээд тэрний бүтээгдэхүүнийх нь тодорхой хэсгийг улсын нөөц гээд хадгалдаг болоод, харуул хамгаалалт савыг нь тэр компаниар өөрөөр нь хийлгээд улсын нөөцийн чанараа хадгалагдаад эргэлтэд байх үүргийг нь тэр компаниудаараа хийлгээд явдаг болчихсон. Манайх байшин барина, агуулах барина, харуул хамгаалалт, нөөцөө бүрдүүлнэ гээд бөөн мөнгө. Дараа нь тэр нөөц нь хугацаа хэтэрсэн зарж үрнэ гээд бөөн зардал авлига. Шинээр авна гээд дахиад хэд дахин үнэтэй зардал гардаг.
Сэтгүүлч Х.Оюумаа




