Манай орны банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах, өрийн тэнцвэрт байдалд хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар байна.
Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 10 бүлэг, 53 зүйлтэй аж.
Түүнчлэн хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төсөлд чанаргүй зээл, активыг шийдвэрлэх ажиллагаанд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ нь чанаргүй зээл, активыг түргэн хугацаанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Актив удирдлагын компани 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар хуулийн төсөлд тусгагдсан бөгөөд түүний үйл ажиллагааны гол зорилго нь чанаргүй активыг түргэн хугацаанд шийдвэрлэх явдал аж.
Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөлтийн явц хурдасч, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжихийн зэрэгцээ улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулж, тодорхой хэмжээнд хэмнэлт бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Эх сурвалж: