“МОНГОЛ УЛС – АРДЧИЛЛЫН ЗАМААР 30 ЖИЛ:
АРДЧИЛАЛ БИДЭНД ЮУ ӨГСӨН БЭ?” сэдэвт онол практикийн бага хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ-н хэлсэн үг
Өнөөдрийн энэхүү онол практикийн бага хуралд хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд та бүхэнд НҮБ-аас зарлан тунхагласан "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тохиолдуулан Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 30 жил гэдэг бол хүний ухамсартай амьдралын бараг талаас илүү хувь нь, нийгмийн агуулгаар авч үзвэл бүхэл бүтэн хоёр үе солигдох хугацаа юм. 1989 оны эцсээр Монгол оронд сэвэлзсэн ардчиллын анхны салхи Монголын нийгмийг үндсээр нь өөрчлөх, коммунист тоталитар дэглэмээс чөлөөт ардчилсан тогтолцоонд шилжих агуу хувьсгалыг эхлүүлсэн юм. Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу тайван замаар шилжсэн энэхүү хувьсгалын ачаар Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, бие даасан бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх боломжтой болж, эрх чөлөөт жам ёсны хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон билээ.
Өнөөдрийн энэхүү онол практикийн хурлын хүрээнд Монголын нийгэмд гарсан улс төр, эдийн засаг, оюун санааны асар том өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй яригдах учраас би зарчмын чанартай цөөн асуудлаар байр сууриа илэрхийлье. Ялангуяа сүүлийн үед Ардчилсан хувьсгалын ололт, ардчиллын үнэт зүйлсийг гутаах, түүний гол тулгуур багануудыг ээлж дараалан нураах гэсэн хэт зүүний, эсвэл хэт барууны популист давалгаа ихээхэн хүчээ авч, манай нийгэмд тогтсон ардчилсан тогтолцоонд аюул учруулах хэмжээнд хүрчээ хэмээн дүгнэж, ардчиллыг эрхэмлэгч улс төрийн хүчнүүд, нийт ард түмэндээ анхааруулан сэрэмжлүүлэх зүй ёсны шаардлага урган гарлаа.
Өвөр Кавказаас Өмнөд Солонгос, Хойд зүгийн Балтийн орнуудаас Хонгконг хүртэлх энэ өргөн уудам нутагт зөвхөн Монгол Улсад парламентын ардчилсан тогтолцоо зөв гольдролоороо хөгжин дэвжиж байна гэдгийг өнөөдөр дэлхий дахинаараа мэддэг болсон. Парламентаризм нь коммунист дэглэмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү шилжилт хийж орнуудын хувьд нэг хүний, эсвэл цөөнхийн бүлэглэлийн дарангуйллаас урьдчилан сэргийлэх, олон ургалч үзэл, хүний эрх, үндсэн эрх чөлөөг жинхэнэ ёсоор хангах гол нөхцөл, гол баталгаа нь юм гэдэг сургамжийг бид залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зүйтэй юм. Үүнтэй холбогдуулан тэмдэглэн хэлэхэд хэрвээ Үндсэн Хуульд ямар нэгэн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол, энэ асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулах гэж байгаа бол энэ нь зөвхөн парламентат ёсыг хамгаалах, улам батжуулахад чиглэгдэх ёстой гэж үзэж байна.
Авлига хээл хахуулийн асуудал өнөөдөр манай нийгмийн хөгжлийн гол саад, тээг тушаа, шударга бус байдлын гол эх үүсвэр нь болж байна. Манай нийгэмд бугшсан авилга хээл хахуулийн сүлжээг хэн нэгэн улс төрч, хэсэг бүлэг хүмүүс дангаараа тэмцэж таслан зогсоож чадахгүй, бүх улс төрийн хүчнүүд авлигыг үл тэвчих бодлогыг баримталж, шат дараалсан арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний дүнд л тодорхой амжилтанд хүрэх нь ойлгомжтой.
Улс төрийн намуудын шинэчлэлийн асуудал өнөөдөр хурцаар яригдаж байгаа сэдэв мөн. Ялангуяа улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүжилтийн ил тод байдлыг хангах нь аливаа хууль бус үйл ажиллагаа гаргахгүй байх нэг урьдчилсан нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Манай нам үзэл баримтлалаа шинэчлэн тодотгож, зохион байгуулалтын хувьд цоо шинэ бүтцэд шилжихийн хамт гишүүддээ тулгуурласан бодлогын нам болон төлөвшиж байна. Намын энэхүү шинэчлэлийн дүнд бид ирэх сонгуульд нэр цэвэр, шинэлэг, чадварлаг залуу боловсон хүчнээ түлхүү дэвшүүлэх боломжтой боллоо.
Эцэст нь хэлэхэд төрийн эрхийг барилцаж байгаа - эрх баригч болон сөрөг хүчин хамтран сууж намын эрх ашгаасаа давсан, улс орныхоо ашиг тусын төлөө, хөгжил дэвшлийн төлөө харилцан ярилцаж, санал бодлоо солилцож чадаж байгаа нь манай Ардчилсан хувьсгалын маань бас нэгэн том ололт юм гэдгийг тэмдэглэн хэлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Эх сурвалж: