Монгол эх орныхоо уудам сайхан нутагт ажиллаж амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, өргөн дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт ахан дүүс ээ. Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь болж унаж байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрч, сүүлийн гурван жилд зургаа дахин нэмэгдлээ. Гадаад валютын нөөц 2016 онд нэг тэрбум америк доллар байсан бол 2019 онд дөрвөн тэрбум америк доллар болж, дөрөв дахин өслөө. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал" гэж манай ард түмэн ярьдаг. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 8 их наяд төгрөгийн дотоод болон гадаад өр төлбөрийг төлж барагдууллаа.
Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон жил ярьсан Газрын тосны болон гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, автозам, хурдны болон төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2019 онд нефть боловсруулах үйлдвэрийн автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажлыг бүрэн хийж дуусгалаа. Улаанбаатар хотод шинэ нисэх онгоцны буудал, анхны хурдны зам, Налайхын зам, сонсголонгийн болон яармагийн гүүр, замын цагдаагийн гүүр болон улсын хэмжээний авто замуудыг барьж байгуулан ашиглалтад орууллаа. Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Эдгээр ажлын үр дүнд улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байсан сургууль хоёр ээлжид шилжлээ. Цаашид хүүхэд бүр сургууль цэцэрлэгт бүрэн хамрагдах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Сүүлийн 20-оод жил ард түмний маань амь нас, эрүүл мэнд, эдийн засагт хохирол учруулж ирсэн нийслэлийн агаарын бохирдлыг төр засаг, ард иргэдийнхээ хамтын хүчээр 40-50 хувиар бууруулж чадлаа. Бид нэг зорилгын төлөө сэтгэл гарган нэгдэж чадвал, хүндрэлтэй олон асуудлыг богино хугацаанд өөрчилж чадна гэсэн бат итгэлтэй боллоо. Ард иргэдийн маань урам зориг ч сэргэж байна.
Энэ жилийн бас нэгэн онцлох үйл явдал бол сүүлийн хориод жил ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ амжилттай хэлэлцэн баталсан явдал байлаа. Энэ нь төрийн эрх барих дээд байгууллага, парламентын засаглалыг улам бататгаж, төрийн тогтолцоог бэхжүүлж чадсан хэрэг юм.
Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсч байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө та бид алхам алхмаар урагшилсаар байна. 2020 он бол монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно оо. Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсч байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цэрэг, цагдаа, онцгой байдлынхан, утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа “Таван-толгой түлш”-ийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье
Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе.
Эх сурвалж: