Онцлох мэдээ4 мин унших
Малын хулгайчид оноох ялыг чангатгах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.4-т заасны дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгожээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, А.Сүхбат, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-очир, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, тодруулга хийсэн. Хоёр бод, найман бог хулгайлсан тохиолдолд гэхээр энэ тоонд хүргэхгүй мал хулгайлвал гэмт хэрэгтнүүд ял завших эрсдэлтэй тул өнчин ишиг хулгайлсан ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхыг малчид хүсч буйг Ж.Мөнхбат гишүүн хэлж байв. Тэрбээр нэг бод, эсвэл долоон бог хулгайлсан хүн ямар хариуцлага хүлээх вэ хэмээн тодрууллаа.
Харин энэ төрлийн гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдэж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга тайлбарласан. Харин хүндрүүлэх нөхцөлөөр мал хулгайлсан бол 2-8 жил хорих ял ногдуулах зохицуулалт төсөлд бий гэдгийг хэллээ. Мал хулгайлах гэмт хэрэгт бүрд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн өөрчлөлтийг хийж байгааг Г.Тэмүүлэн гишүүн хэлж байв.
Тэрбээр мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авах зохицуулалтыг төсөлд тусгасан нь хэвээрээ эсэхийг тодруулж хариулт авсан. Малын хулгайтай тэмцэхдээ ялын бодлого чангатгахаас гадна бусад арга хэмжээг авах тал дээр холбогдох талууд анхаарах нь зүйтэй гэдгийг гишүүн хэлсэн.
Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанаас үүдэн хувь иргэдийн амьдралд ноцтой хохирол гарч байсан тохиолдлууд бий гэдгийг хууль тогтоогчид сайтар тооцож, асуудлыг иж бүрнээр нь харж эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстойг Д.Лүндээжанцан гишүүн хэлж байв. Засгийн газрын зүгээс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн эсрэг соён гэгээрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлага бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлж байв.