Улс төрд орох болсон шалтгааныхаа тухай “Улс оронд минь эрс өөрчлөлт хэрэгтэйг би мэдэрсэн. Учир нь орон нутгийн засаг захиргаатай ойр ажиллахдаа манай улс ямар их авлига, хүнд суртал, улс төрийн хагаралтай болсныг хараад их харамсаж байлаа. Мөн төрийн албан хаагчдын хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлээс болж олон боломжоо алдаж байгааг хараад бухимдсан. Энэ бухимдал, харуусал хоёр намайг улстөрч болоход нөлөөлсөн гэж боддог” хэмээн ярьжээ.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын тухай “Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил боллоо. Тиймээс өнгөрсөн 30 жилд юу хийснээ эргэцүүлэн ирэх 30 жилийн алсын хараагаа зураглах нь зүйтэй хэмээн үзсэн. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ыг боловсруулсан. Парламентаас баталсан энэ баримт бичигт эдийн засгаа төрөлжүүлэх, уур уурхайгаас хамааралтай байдлыг бууруулах, Засгийн газрын үйлчилгээгээ цахим болгох, дундаж давхаргыг дэмжсэн ажлын байр бий болгох гэсэн нэн чухал асуудлыг тусгасан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа энэ бодлогыг удирдаж байсан би Ерөнхий сайдынхаа хувиар тус баримт бичгийн хэрэгжилтийг хариуцаж байгаадаа баяртай байна” гэж ярьжээ.
Та яагаад Харвардын Кеннедигийн их сургуульд сурахаар шийдэв. Энэ сургуулиас сурсан зүйлээсээ юуг нь ажилдаа хэрэгжүүлж байна гэсэн асуултад “Би ямар ч эргэлзээгүйгээр Харвардын Кеннедигийн нэрэмжит Засгийн газрын их сургуулийг сонгосон. Өөр сургуульд өргөдлөө өгөөгүй. Харвардад сурч байх хугацаандаа олж авсан академик мэдлэг минь Засгийн газарт ажиллахад их тусалсан. Тиймээс одоо суралцаж байгаа оюутнууддаа хандан “Хичээлийн даалгавар, шалгалт гээд ямар ч завгүй, бүх зүйл тодорхой бус санагдах болно. Гэхдээ Харвардыг төгсөх үедээ чи сургуулиасаа их зүйл сурснаа ойлгож, тэр мэдлэг тань өөрийн тань карьерт ямар чухал болохыг мэдэрнэ” гэж хариулжээ.
Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл мягмар гарагт хуралдаж, намын Их хурлаа ирэх сарын 6-ны даваа гаригт хийхээр товлосноо зарласан. XXX хурлаар намынхаа даргыг сонгох юм. Өдгөө МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Түүнийг намын даргаараа батлах эсэх мэдээллийн дараахан Харвардын Кеннедигийн их сургууль түүнтэй хийсэн ярилцлагаа “Шинэ үеийн дуу хоолой” хэмээн онцолж, гол нийтлэл болгосон нь анхаарал татаж байна.
Эх сурвалж: