Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхтэй зөвшилцөн боловсруулж ирүүлсэн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн гэв.Төслийг боловсруулахдаа холбогдох суурь судалгаа болон Улсын дээд шүүхтэй хамтран баталсан шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг тус тус үндэслэжээ.
Шүүхийн шатлалын үндсэн тогтолцоог хөндөхгүйгээр шүүхийн харьяалал, байрших газар, зохион байгуулалтыг өөрчлөх замаар иргэний шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, иргэнд үзүүлэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээмжтэй, үр нөлөөтэй анхан болон давж заалдах шатны шүүх байгуулах нь хуулийн төслийн зорилго гэдгийг төсөл санаачлагчийн илтгэлд тэмдэглэв.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгажээ. Энэхүү шүүх нь мөрдөн шалгах ажиллагаан дахь шүүхийн хяналтыг сайжруулах, хүний эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай процессоор хэрэгждэг тодорхой ажиллагаануудыг болон бага үнийн дүнтэй иргэний хэрэг, зөрчлийн хэргийг харьяалан шийдвэрлэх юм байна. Ингэснээр дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 30-40 хувь багасаж, зохист хэмжээнд очно хэмээн үзсэн байна.Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг нийслэлийн хэмжээнд 1 байгуулахаар тусгаж, энэ төрлийн шүүхийг байгуулснаар дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажлын ачаалал 15-20 хувь багасана гэж тооцжээ.
Харин орон нутагт гарч буй хэргийн тоо, төрлийг харгалзан энэ төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ тусдаа шүүх байгуулах шаардлагагүй хэмээн үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар орон нутаг дахь анхан шатны шүүх дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь нээлттэй байх нь зүйтэй хэмээн үзснийг Б.Энхбаяр гишүүн төсөл санаачлагчийн илтгэл танилцуулахдаа дурдав.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан 21 аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 21, эрүүгийн хэргийн анхан шатны 21, нийт 42 шүүхийг зохион байгуулалтын хувьд нэгтгэж, шүүхийн ажил үүргийн хуваарь, орон тоог оновчтой тогтоох зорилгоор сум дундын анхан шатны 21 шүүх болгон өөрчлөн байгуулахаар төсөлд тусгажээ. 21 аймаг дахь сум дундын анхан шатны 21 шүүх нь тухайн шүүгчийн ачааллыг харгалзан, дотроо шүүн таслах ажлын төрлөөр дагнасан, танхимын зохион байгуулалттай байх асуудал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулиар нээлттэй байгаа аж. Одоо байгаа сум дахь сум дундын 8 шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг хэвээр үлдээх нь зохистой хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан анхан шатны 90 шүүх төслийн дагуу 61 болох юм байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг хэвээр үлдээх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг нийслэлд нэг байхаар байгуулахаар тусгасан байна. Ингэснээр хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх байгуулах тухай хуулиар байгуулсан давж заалдах шатны 26 шүүхийг 25 болгон өөрчлөн байгуулахаар тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 345,627,250.0 төгрөг зардлын тооцоо гарснаас хүний нөөцийн зардал 47,4 тэрбум төгрөг, шүүхийн барилга байгууламж буюу материалын зардал 297,3 тэрбум төгрөг, бусад зардал 900 орчим сая төгрөг байх тооцооллыг мөн Б.Энхбаяр сайд танилцууллаа.Шүүхийн барилга, байгууламж шинээр барихтай холбоотой төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хамт өргөн мэдүүлсэн байна. Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлэх боломжит хугацааг Гэр бүл хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх гэр бүл хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, тойргийн шүүх байгуулах заалтын тухайд 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, бусад шүүх байгуулах тухайд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих боломжтой гэж үзсэн байна.
Б.Энхбаяр сайдын танилцуулсан төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Авлигын дагнасан шүүх байгуулах асуудал төсөлд туссан эсэхийг тодруулсан гишүүдийн асуултад хариулахдаа хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Авлигын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах тодорхой саналаа холбогдох тооцоолол, эх үүсвэрийн хамт 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх” хэмээн тусгасан байгааг Б.Энхбаяр сайд хариулав.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах” гэсэн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан байдгийг ажлын хэсгийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн дурдаад “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар Улсын дээд шүүхэд санал ирүүлсэн.
Тухай бүр нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, саналаа өгсөн. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийн хувилбарыг яг энэ байдлаар Улсын дээд шүүх хэлэлцээгүй. Хамт өргөн мэдүүлсэн төсөлд холбогдох заалт тусгагдсан байгаа бөгөөд энэ нь хууль тогтоогчдын шийдвэр байх болно. Мөн хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулах төслийн заалт байгаагүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах шатын журмаар хянан шийдвэрлэх өөрчлөлтийн талаар санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэлээ.
Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийн шинжийг Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцад бүрэн нийцүүлэх, үүнтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий” гэдэг хариулт, мэдээллийг өгсөн. Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулж байгаа талаар, энэ шүүхэд өсвөр насны хүүхдийн хэрэг хэрхэн харьяалагдах, ачаалал ямар байгаа талаарх гишүүдийн асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр хариуллаа. Төслийн тухайн зохицуулалтын талаарх саналыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн, саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна. Энэ төрлийн шүүх нь Гэр бүлийн хуулиар хянан шийдвэрлэгдэж байгаа иргэний хэрэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн эрүүгийн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны хүүхдүүдийн холбогдсон буюу хохирсон хэргийг харьяалан шийдвэрлэх юм байна.
Гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн өсвөр насны, насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх зөрчигдөх тохиолдол жил тутам өсч байгааг дурдаад “Насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч хүүхдийн сэтгэл зүйд онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий хэмээн үзэж энэ төрлийн шүүхийг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн” гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2022 онд улсын хэмжээнд 117 буюу 1 хувийг эзэлж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд 0.4 хувийг эзэлж байна. Үүний дотор хохирсон хүүхдийн тоо 441 байгаа гэв.
Эх сурвалж: