Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Тэрбээр танилцуулгадаа, Нийслэл Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг дангаар үйлдвэрлэж байгаа бөгөөд хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна. Төсөв дагасан уг санхүүгийн схемийг шинэчлэн, олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм гэдгийг дурдав.
Нийслэл нь олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд төсөлд нийслэл нь Засгийн газар, төрийн өмчит компанийн нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгасан гэдгийг Б.Дэлгэрсайхан сайд танилцуулгадаа онцолсон.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, инженер, дэд бүтцэд түшиглэн орон сууцжуулах, автозамын нэвтрэх чадварыг сайжруулах, шинэ технологыг нэвтрүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ чиглэлд бэлэн болсон техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн төслүүд хэр байгааг, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хуулийн өөрчлөлтийн хүрээнд хэчнээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, төсөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг хангасан эсэхийг лавлаж байлаа.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэдгийг тодотгоод Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа гэв.
Эцэст нь Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: