Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ц.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай даргалж, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний ажлын явц, хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж асуудал, шийдвэрлэх гарцын талаар хэлэлцлээ.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэв. Тэрбээр, ноос ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл, брендинг, маркетингийн чиглэлээр анхаарах асуудал бий гэлээ. Салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцооноос гадна үйлдвэрлэл, борлуулалт, экспортын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, энэ салбарт ажиллах хүний нөөцийн дутагдалтай байгааг тодотгосон.
Танилцуулгын дараа ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат малчдын хувьд мах, ноолуураас ашиг олдог. Ноос ноолуур, арьс ширний асуудлыг 10 жил ярилаа. Гэвч байдал дээрдсэнгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг нааштай хүлээж авч байгаа хэдий ч малчдын хувьд бухимдалтай байна. Ноос, арьс шир үнэгүйдээд байгаа шалтгаан нөхцлийн талаар тодруулъя гэлээ.
Мөн хурлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэхээр Монгол банк, Төрийн банк болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс зээлийн батлан даалтын нөөц болон эргэн төлөлт, эрсдэлийн талаар онцгойлон анхаарч, судалгаа тооцооллын талаар шинэчлэгдсэн мэдээллийг цаг алдалгүй хүргэж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг хүслээ.