Тус санаачилга-уулзалт нь “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог юм. Монголын үндэсний үйлдвэрлэгч болон гадаадын 31 шилдэг компани цэргийн зориулалтын хангалт, бусад бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ дэлгэж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн алба хаагчдад танилцууллаа.
Тус үзэсгэлэнд хүнсний салбараас Само мах ХХК, Монгол мах маркет ХХК, Грийн групп ХХК, Төгс уураг ХХК, Боса кондитер ХХК зэрэг компаниуд 47 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо.
Ноолуурын үйлдвэрлэлийн салбараас Кашемир Холдинг ХК, Баялаг Өлзий ХХК, ноосны үйлдвэрлэлийн салбараас Блю Скай Кашемир ХХК, Эрдэнэт хивс ХК, Нэхээсгүй эдлэл ХК, Монгол нэхмэл ХК, Ноос Ирээдүй ХХК, Тод оймс ХХК, Янмал ХХК зэрэг ААН-үүд ноосон мишок, гудас, ноолууран ороолт, бээлий, цамц, өмд, оймс зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулав.
Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг “Хааны эрэлд-2025” энхийг дэмжих ажиллагаагаар дамжуулан олон улсад сурталчлан таниулж, НҮБ-ын энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагааны материал, хэрэгсэл, хангалт үйлчилгээг бэлтгэн нийлүүлэх хамтын ажиллагаанд оролцуулах зорилготой байсан юм.
“Хааны эрэлд-2025” олон улсын сургуулилт зургадугаар сарын 14-нөөс 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хуурай замын цэргийн анги, Энэтхэгийн 40 цэргийн алба хаагчтай бүрэлдэхүүн, Өмнөд Солонгос, Турк, Вьетнам зэрэг орны 1200 алба хаагч оролцож байна.
Эх сурвалж: