Хотын дарга Х.Нямбаатар долдугаар сарын 24-ний өдөр хийсэн мэдээлэлдээ камерын системтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр "Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр камерын хяналтын төв бий. Дүүргүүдэд мөн камерын хяналтын дэд төвийг бий болгосон. Хотын 176 уулзварт хиймэл оюун ухаанд суурилсан 2600 хяналтын камер суулгасан. Мөн аж ахуйн нэгжүүдийн камерын хяналтыг ч дээрх төвүүдэд нэгтгэсэн иж бүрэн камерын хяналтын системтэй болсон. Бид мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, энэ ажил ч үр дүнгээ өгч эхэллээ.
Өнгөрсөн баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн орчимд халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Мөн саяхан “Теди” худалдааны төвөөс их хэмжээний гар утас хулгайлсан хэрэг гарч, түүнийг камерын системээр цаг алдалгүй, шуурхай илрүүлж, эздэд нь эд хөрөнгийг нь эргүүлэн өгсөн байх жишээтэй. Камерын системээр байгаль орчинд халтай зөрчил, замын хөдөлгөөний зөрчил, эрүүгийн гэмт хэрэг гээд бүх төрлийн зөрчлийг илрүүлэх боломжтой. Энэ системийг улам өргөжүүлж, эмзэг цэгүүдийг камержуулах шаардлагатай" гэв.