Үйл явдал3 мин унших
С.Цэнгүүн: Чандмань сумын 100 жилийн ойн нээлт улсын наадмыхаас ч илүү таалагдав

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд /2025.08.06/ оролцсоноо өөрийн цахим хаягаар дамжуулан ийн хуваалцав.
Миний хувьд энэ сумын наадмын нээлт улсын наадмын нээлтээс ч илүү таалагдав.
Сумын төвийнхөн өөрсдөө үзүүлбэрүүддээ оролцож, хичээж байгааг нь харах сэтгэлд дотно санагдав. Нутгийнхан ойдоо зориулж эрвийх дэрвийхээрээ маш их сэтгэл гаргаж бэлджээ. Монголчууд зуны идээ цагаа элбэг цагт найр наадам хийж хол, ойроос ирсэн зочид гийчид хүлээн авч хамаатан садантайгаа учирдаг уламжлал бол яалтачгүй манай нүүдэлчдийн ондоошил.
Гэвч том утгаараа ар араасаа олон жил дараалалж болж байгаа 100 жилийн ойн баярууд сүүлдээ утгаа алдлаа гэж иргэд шүүмжлэх болсон. Аливаа баяр наадам, тэмдэглэлт үйл явдалд зориулж олон сая ₮ зарцуулдаг ч бодит хөрөнгө оруулалт тухайн нутагтаа болдог уу гэвэл зөрчилдөөнтэй. 30 жилийн өмнөхийг хүртэл үзэл сурталжуулах ажиллагааг хүчээр төрөөс мөнгө гаргаж хийдэг байсан нь өнөөдрийн Монголчуудын хувьд соёлын элемент болтлоо дасал болж салгахад бэрх бараг уламжлал болжээ.
Наадмын нээлт дээр Монголын нэг өдөр, нүүдэлчин ахуй соёлоо харуулаад төд удалгүй магадгүй энд байгаа хүмүүс өөрсдөө ч анзаараагүй байхад дарга төвтэй үзэл санааг нэвт шингээсэн урлагийн үзүүлбэрүүд ар араасаа хөврөх аж… Үүний нэг жишээ нь цэнгэлдэх дүүргэсэн наадамчин олондоо зориулж биш тусгай том индэрт суух дарга нартаа хандаж бүх тайз дэглэлтээ хийдэг гэдгээс энгийнээр тайлбарлагдах болов уу. Улсын наадмын нээлт дээр ч мөн адил бодол төрж байв. Эндээс оюун санааг өөрчлөгдөхөд цаг хугацаа нөгөө талдаа манай улсын хувьд дасал болсон найруулга дэглэлтийг эвдэж чадах өөр сэтгэлгээтэй соёл урлагийн найруулагчийн орон зай асар ихээр үгүйлэгдэж байна даа гэж бодов.
Одон медаль
Ойн арга хэмжээний салшгүй нэг хэсэг нь бол медаль гардуулалт. Ховд аймгийн Чандмань сумаас Байгаль орчны салбарын гавьяат болсон аймгийн засаг дарга асан, нутагтаа нэр хүндтэй Цэвээнравдан гуайд медаль гардуулах мөчид хамтдаа байв. Мөн энэ сумаас анхны эмэгтэй Байгаль орчны салбарын хөдөлмөрийн баатар Цэндсүрэн гуай бас саяхан энэ хүндтэй шагналаа авчээ. Энэ үеээр насаараа гайхалтай үүх түүхийг бүтээж, зогсолтгүй хөдөлмөрлөсөн энэ буурлуудаа хараад бахархав. Медаль авах болсноо сонсоод хэчнээн хүүхэд шиг догдолж баярласан тухай түүхийг нь сонсож, хамтдаа инээв. Ийм хүмүүсийн хажууд бардам зогсож ч чадахгүй хүмүүс таньдаг нэг даргадаа төлдөг төлбөрийг нь төлөөд л тэр медалыг авчхаж байгааг бид бүхэн хэдийн мэддэг болж бас түүнд нь дасчдээ.
Энэ буурлууд маань бол хөдөлмөрөө даргаар буюу төрөөрөө үнэлүүлдэг улстөрийн системд залуу насаа зориулсан хүмүүс юм. Харин өнөөдрийн бидний амьдарч байгаа чөлөөт зах зээлийн систем нь
- Та төрийн төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж,
- Хөдөлмөрөө төрөөр/даргаар биш өөрөө үнэлж
- Хөдөлмөрийн үнэ цэнээ Төрийн одон медалиар биш зах зээлээс гавьяа шагналаа мөнгөөр хүртдэг системд шилжсэн билээ.
Бидний сэтгэлд дотно байдаг ч өнөөдрийн нийгмийн үнэт зүйлээс гажуудуулж байгаа эдгээр соёлын элементүүддээ эрт орой хэзээ нэг цагт баяртай гэж хэлэх л ёстой болох бизээ.
Бөөрөнхий цагаан гэртээ цуглаж суугаад нутгийнхаа дууг хангинатал дуулах, тасралтгүй элдэв идээний дээдээр дайлах нутгийн сайхан иргэдийн зочломтгой занд эрхэлж явахдаа миний бичвэрийг хараад гомдохвий гэж сэтгэл эмээж л сууна. Гэхдээ миний хэлэх гээд байгаа санаа нь иргэдийг ч юм уу, наадамд оролцсон уран бүтээлчдийг шүүмжлэх гэсэнгүй. Бид тусгаар тогтносон, эрх чөлөөт улсын хувьд нүүдэлчин өв соёлоо тээхийн зэрэгцээ найр наадмаа сэтгэлгээний хувьд өөр түвшинд авчрах ёстой тухай л юм.
Хүмүүс надаас наадмын нээлт ямар болов? Таалагдсан уу? гэхэд би хүмүүст энэ бодлоо тайлбарлаж хэлж чадалгүй тиймээ гээд инээвхийлээд өнгөрөөд байв.
Тэгсэн 11-р ангийн нэг хөвгүүнээс тэр асуултыг асуухад зүгээр л “Үгүйээ” гээд гэр дүүрэн хүмүүсийн өмнө толгойгоо сэгсрэв. Тэр юу ч тайлбарласангүй. Тэнд байгаа хүмүүст таалагдъя гэж хичээсэнгүй. Хэнийг ч доромжилсонгүй, түүнд чанга дуугарах ч хэрэг байсангүй. Хувь хүнийхээ байр суурийг товч тодорхой, шударгаар хэнээс ч айхгүй хэлж чадав. Гайхалтай.
Тэр хөвгүүн надад энийг бичих урам өгөв.
Сэтгүүлч Info




