1 мин унших
ХУУЛЬ БУС БАРИЛГЫН АЖИЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДАД АЛБАН ЁСООР ХАНДЛАА

Барилгын зөвшөөрөл
Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу Богд хааны зуны ордонтой хаяа залган, түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд хууль зөрчиж газар олгосон болон барилгын ажил эхлүүлсэн асуудлыг анхааралдаа авч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын хувиар холбогдох төрийн байгууллагуудад албан ёсоор хандлаа.
Тодруулбал, Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд автозасварын зориулалттай барилга барьж эхэлсэн нь зөвхөн түүхэн дурсгалт орчныг гэмтээх эрсдэлтэйгээс гадна иргэдийн амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгээд байна.
Энэ хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллаж байна:
- Барилгын хөгжлийн төв болон Хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагад хандан барилгын ажлыг зогсоож, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах;
- Нийслэлийн захиргаанд хандан тухайн иргэнд газар олгосон, барилгын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хууль зөрчсөн эсэхийг шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд түдгэлзүүлж хүчингүй болгох, хариуцлага тооцуулах;
- Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гарган, газар дээр нь шалгалт хийж, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хүссэн.
- Соёлын өв гэдэг бол зөвхөн өнгөрсөн үеийн дурсамж биш, хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэ цэнтэй үнэт зүйл юм.
- Тиймээс цаашид соёлын өвийг устгах, гэмтээх аливаа үйлдэл, хууль зөрчсөн газрын олголт, барилгын ажлыг хууль, журмын хүрээнд шуурхай таслан зогсоож, Монголын түүх, соёлын үнэт өвийг хамгаалан ажиллах болно.
Сэтгүүлч Info
