УИХ-ын гишүүн Б.Түвшин Увс аймгийн Улаангом хотын ойд оролцож тэгш ойн баяр наадмын талаарх бодлоо өөрийн цахим хуудсаар хуваалцсаныг хүргэж байна.
Наадмын нээлт тууль хайлан, уртын дуугаар эхэлж байгаа нь бид нэг улс, нэг үндэстэн юм шүү гэдгийг итгэл дүүрэн харуулж, улмаар нэгдэн нягтарч, эвлэн бүтээхийн сайхан мэдрэмжийг хүн бүрд төрүүлж байх шиг санагдав.

Нээлтийн хөтөлбөр тэр чигээрээ бидний бахархам их түүх, бахдам их соёл, билгүүн их өв уламжлалыг товойлгон харуулсны дээр, нийлж нэгдэж эвлэх цагтаа хүчирхэгийн туйлд хүрч, хагарч бутарч гундахдаа харь дайсны буулганд бөхийж байсныг ч дүрслэн үзүүлэв. Угсаатны бүлгүүдийн онцлог, түүхэн замналыг уран тод бахархалтайгаар харуулж, мөн Зүүнгарын их Галдан бошгот хаан, соён гэгээрүүлэгч их хутагт Зая бандида Намхайжамц болон Юмжаагийн Цэдэнбал зэрэг түүхэн хүмүүс, түүхэн цаг хугацааг машид томруун дүрсэлж чаджээ.

Ялангуяа 1925 онд Дөрвөдийн Төгс Хүлэг Далай хан аймаг, Үнэн Зоригт хан аймаг, Ховдын хязгаарын хошуудыг нэгтгэн Чандмань уулын аймаг үүсгэн байгуулагдсаны нэгэн зууны түүхт ойд Богд хан уулын, Хантайшир уулын, Хан Хэнтий уулын, Цэцэрлэг Мандал уулын аймгууд мэндчилгээ хүргэж, тэрхүү мэндчилгээг дээрх аймгуудын төлөөлөл болсон дуучид өөрсдийн аймгуудын сүлд болсон дуугаар аялгуулан хүргэсэн нь тун содон.
Төгсгөлд нь шинэхэн Ардын жүжигчин Самандын Жавхлан “Увсын цэнхэр хязгаар” дуугаар мэндчилсэн нь “Нэгдмэл Нэг Монгол” хэмээх агуулгыг бүрэн илтгэн гаргаж Монгол улсынхаа сүр жавхааг ирээдүйн зуу зуун жилийн түүхнээ эв нэгдэл, итгэл зориг, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн харуулав.
Нээлтийн хөтөлбөрийн төгсгөл хэсэгт Монгол түмний уламжлалт их урлагийн нэг бий биелгээг шигтгэж өгсөн нь өв уламжлалаа дээдлэн түгээхийн дээр мөн л нэгдмэл нэг угсаа, язгуур, соёлтой нэгдсэн нэг Монгол юм шүү гэсэн утга агуулгыг илэрхийлэн гаргах ажээ.
Бөхчүүд хүчтэй, морьд хурдан, харваачид цэцтэй даяар олноороо сайхан наадаарай