#Коммент3 мин унших
О.Саранчулуун: Нийгэм хэдий чинээ аюултай хүртээмжгүй байна, төдий чинээ халамжийн зардал гарсаар байх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөл дээр нь босгоод баялаг бүтээгч болгох ёстой

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламентыг байгуулж хоёр чуулганы нүүрийг үзжээ.
Бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоол хэлэлцэн батлав.
2024 оны сонгууль мажоритор болон хувь тэнцүүлсэн холимог тогтолцоогоор болж 48 гишүүн нь жагсаалтаар сонгогдсон юм. Энэ нь сонгогчдын санал гээгддэггүй, намуудын төлөвшилд сайн нөлөөтэй бөгөөд улс төр судлаачид энэ тогтолцоог үр өгөөжөө өгч байгааг онцолсоор байна.

Салбар салбартаа түүчээлсэн боловсрол, туршлага, улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэлтэй олон залуус өнөөдрийн парламентад жагсаалтаар орж ирсний нэг нь О.Саранчулуун юм.
Тэрбээр адил туршлага, ижил мөртнүүдээ төлөөлөн УИХ-д ажилласан нэг жилийн хугацаанд иргэний тооноос хасагдах шахам байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүх түвшинд хангах зорилгодоо хэдэн алхам урагшлаад байна.
ЭНЭ НЭГ ЖИЛД
НЭГ. Нэн түрүүнд Үндсэн хуульд заасан 18 эрхийн талаас илүү нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тэр бүр бүрэн хэрэгждэггүй болохыг олж тогтоов. Тиймээс энэ чиглэлд хуулиар тодорхой үүрэгтэй, төсөвтэй оролцогч талууд нь төр засгийн зүгээс нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нарт боловсрол, хөдөлмөр, эрүүл мэндийн хүртээмжийг бий болгох 13 бүлэг ажлын онцлон тодорхойлж батлуулан Засаг дарга нарт хүргүүлэв. Нийгэмд тод туссан нэг хэлбэр нь “Гэрээсээ гарцгаая аян” байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээ хүртээмжгүй байгаа хамгийн ойрын жишээ Монгол хэлний тухай хуулийн үндэсний бичиг, хос бичгийн заалт харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байгаа явдал юм.
ХОЁР. Хууль тогтоох чиг үүргийнхээ хүрээнд онцгой нөхцөл, өндөр эрсдэлтэй орчинд ажилладаг нийгмийн ажилтнуудын эрх хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах НИЙГМИЙН АЖЛЫН ТУХАЙ болон нийгэмд тэгш оролцоог баталгаажуулах зарчмын хувьд чухал алхам болсон ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ДАРАМТААС АНГИД БАЙХ анхдагч хуулийн 2 төсөл боловсруулаад байна.
ГУРАВ. УИХ-ын гишүүн Ж.Баясгалантай хамтран ирэх оны төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд ямар зорилго, үр дүнтэйгээр, ямар хэмжээний хөрөнгөөр тусгасныг бүх төсвийн захирагчдаас тодруулахаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тэрбээр “Өмнөх ажлаа дүгнэхэд, төсвийн ил тод бус байдал хамгийн ноцтой бэрхшээл байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төсвийн задаргаа тодорхой бус байгаа нь хүний эрхийн зарчмын хувьд ил тод байдлын шаардлагад нийцэхгүй байна. Үнэндээ “Үл үзэгдэгч төсөв”-өөс хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой асуудлыг томруулдаг шил бариад хайж байна. Энэ асуудлыг нийгмийн эрүүл мэндийн салбарт нь дэвшүүлэх болно.
Хүн яагаад бэрхшээлтэй болдог вэ?
Ихэвчлэн осол гэмтэл, өвчин эмгэгээс үүдэлтэй Нийгэм хэдий чинээ аюултай хүртээмжгүй байна, төдий чинээ халамжийн зардал гарсаар л байх болно. Нэгэнт ийм болсон хүмүүсээ хөл дээр нь хурдан босгоод баялаг бүтээгч болгоод явах ёстой байтал ад шоо үзээд, халамж өгсөн болоод орхиж огт болохгүй” хэмээн онцлов.
Ирэх жил хүүхэд, гэр бүлийн эрүүл хөгжих асуудлууд, нийгмийн эрүүл мэндийн хуулийн хэрэгжилт, ус, агаар, сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд руу орохоор зэхэж байгаа аж.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
