Үйл явдал1 мин унших
Цочмогдуу үеийн сэргээн засалтын төв байгуулах шаардлагатайд санал нэгдэв

Өнөөдөр /2025.09.04/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун сэргээн засах тусламж үйлчилгээний мэргэжилтнүүдтэй болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга н.Наранпүрэв, сэргээн засах тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Тунгалагтамир нартай уулзаж сэргээн засахын салбарын тогтолцоог боловсронгуй болгох санал солилцлоо.
Сэргээн засах судлалын Монголын нийгэмлэгийн залуус маань оновчтой саналуудыг хэллээ. Хэлэлцсэн гол асуудлууд:
Насжилт, хөдөлмөрийн чадвар алдалт, гэмтэл ослын дараах сэргээн засах тусламжийг хүртээмжтэй болгох шаардлага
Цочмог болон цочмогдуу үеийн сэргээн засалтын тусламжийн санхүүжилт, хүний нөөцийн хомсдол
Анхан шатны түвшинд богино хугацааны сургалт явуулах, өрхийн эмч нарыг чадавхжуулах
Сэргээн засах тусламжийг тусгай хэлтэс, төвийн түвшинд хөгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох
Нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг хамтран шийдэх, олон улсын сургалт, тэтгэлгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна.
Иймд санал солилцож цочмогдуу үеийн сэргээн засалтын төв байгуулж, анхан шатны түвшний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ЭМД-аас амбулаторийн тусламжийг тарифтай болгох, сургалт эрхлэх байгууллагын тоо, шалгуурыг нэмэгдүүлэх, сэргээн засах мэргэжлийг олон нийтэд сурталчлах, нийгмийн ойлголтыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний ажил болоод байгаатай санал нэгдэв.
Цаашид Сэргээн засах ба Хөгжлийн бэрхшээлийн чуулганыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
