Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашиняныг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян Азийн орнуудад хийж буй айлчлалынхаа хүрээнд 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт бууж, манай улсад түр зочиллоо.
Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян-ыг Гадаад хэргийн сайд Арарат Мирзоян, Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайд Жанна Андреасян, Засаг захиргаа, дэд бүтцийн сайд Давит Худатян зэрэг албаны 20 гаруй төлөөлөгч дагалдаж ирсэн бөгөөд түүнийг хүндэтгэж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Шадар сайд Т.Доржханд хүндэтгэлийн зоог барив.

Талууд хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Ерөнхий сайд Н.Пашинян Армени, Монголын хамтын ажиллагааг идэвхитэй өрнүүлэхийг эрмэлзэж байгаагаа онцолж, ойрын хугацаанд бизнес уулзалт зохион байгуулах, харилцан туршлага судлах арга хэмжээг зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Армени Улсын хооронд 1992 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай. “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улс хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол”, “Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах туай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар талууд ажиллаж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

