Үйл явдал2 мин унших
Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтад оролцож байна

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамХөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалт Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Сангийн дэд сайд Б.Хулан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Шадар сайд Т.Доржханд 4 дүгээр сарын 20-ны өдөр болсон Ерөнхий, санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ дэлхий дахинаа хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тулгамдаад буй хүндрэл, бэрхшээлүүдэд өсөн нэмэгдэж буй өрийн дарамт болон зээллэгийн зардал, олон улсын хөгжлийн тусламжийн бууралт, дотоодын төсөв, санхүүгийн хязгаарлагдмал нөөц бололцоо, худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгалын тасралт зэрэг саад тотгоруудыг дурдаад, эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхий нийтээр эвлэлдэн нэгдэж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хүлээсэн хамтын үүрэг амлалтаа бэхжүүлэх чухал цаг үе ирээд буйг онцлов.
Мөн Шадар сайд Т.Доржханд Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн шинэчилсэн хүрээг тодорхойлоод буй Севильягийн үүрэг амлалтуудыг дахин нотолж, Монгол Улсын Засгийн газраас гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, онцлох ахиц дэвшлүүдийн талаар танилцуулсны зэрэгцээ Монгол Улсад зохион байгуулагдах ЦТТНҮБК-ын Талуудын 17 дугаар бага хуралд гишүүн орнууд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өндөр түвшинд өргөнөөр оролцохыг уриаллаа.

Мөн ЦТТНҮБК-ын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Хөгжлийн санхүүжилтийн 2026 оны чуулга уулзалтын үеэр 4 дүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Төв байранд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Монголын Бизнесийн зөвлөл, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, CMM-Монгол зэрэг байгууллагууд хамтран газрын доройтол, цөлжилттэй тэмцэх санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өндөр түвшний дагалдах арга хэмжээ зохион байгуулав. Тус дагалдах арга хэмжээг ЦТТНҮБК-ын Нарийн бичгийн даргын алба, Дэлхийн банк, Даян Дэлхийн Байгаль Орчны сан дэмжиж ажиллав.
Арга хэмжээг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд нээж, ЦТНҮБК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад талархлын видео мэндчилгээ хүргэв. Арга хэмжээнд 85 гаруй төлөөлөгчид оролцсоноос ИБУИНХУ, Эл Салвадор, Киргиз, Узбекистан, АНЭУ, Япон, Балба, БНЭУ, Европын Холбоо, Никарагуа, Мексик, Франц зэрэг 12 гишүүн улс, монголын төр болон хувийн хэвшлийн байгууллагын 50 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газар зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгч оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.