Байр суурь2 мин унших

Р.Батболд: Төсвийг 1,3 их наядын алдагдалтай баталснаар Ерөнхийлөгч дахин хориг тавих эрсдэл үүсч болохыг тооцсон уу?

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд:

Өнгөрсөн жилийн төсөвт Ерөнхийлөгч хориг тавиад, түүнийг нь бид хүлээж авсан. Энэ давтагдаж магадгүй эрсдэлээ тооцсон уу? Ирэх оны төсвийг 1,3 их наядын алдагдалтай баталлаа.

Хоёрдугаарт, гадаад зээлийн ашиглалтаа сайжруулъя гээд байгаа юм. Одоогийн байдлаар 12-13 их наядын зээлийн хэлэлцээр хийгдчихсэн. Ингээд хүлээгдэж байгаа ашиглаж чадахгүй байгаа гадаад зээлийн боломжууд бий. Гэтэл нэмээд зээлийн хэлэлцээрүүд орж ирээд байна шүү дээ. Зээлдүүлэгч тал нь адилхан байх аваас зээлийн зориулалтыг өөрчлөх талаар юм уу, үгүй бол ашиглаж чадахгүй байгаа зээлээ ашиглах тал дээр анхаарч болохгүй юу? Ер нь ирэх жил хэдий хэмжээний гадаад зээлийн санхүүжилт орж ирж байгаа вэ?

Гуравдугаарт, Татварын багц хуулийн шинэчлэлт хийх ажлын хэсэг өнгөрсөн намрын чуулганаас эхлэн ажилласан. Сангийн яам үүнийг мэдэж байгаа. Энэ намар татварын багц хуулийн өөрчлөлт орж ирэх болов уу гэж бодож байна. Зүгээр хэрэгжих хугацаа нь ямар байх юм гэдгээсээ болоод татварын орлого дээр ачаалал ирнэ. Үүнийг ирэх жилийнхээ төсөв дээр тооцоолж үзэж байгаа юу?

Дөрөвдүгээрт, үнийн зөрөө, ханшийн зөрөө эсвэл магадлангаар орсон,хэрэгжиж байгаа төслүүд дээр хөрөнгө оруулалт нэмэгддэг. Энэ төсөв дээр энэ төрлийн нэмэгдэл нь аль зэрэг байгаа вэ? Бид төсөв ороод ирэхээр цалингаа нэмье, тэтгэврээ нэмье л гэдэг. Тэгэхээр үнийн өсөлтөө ер нь хязгаарлах, бууруулах тал дээр ямар бодлого авч хэрэгжүүлж явах вэ?

Тавдугаарт, Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжтэй л холбоотой юм асуух зүйл байна. 3 жилийн өмнө 20-оод их наядын л төсөв баталж байсан юм байна лээ. Гэтэл гуравхан жилийн дараа 10 их наядаар нэмэгдүүлсэн төсөв яриад байгаа.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хариуллаа.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008